Цагаан ордны тэргүүн Жо Байден өнгөрсөн долоо хоногт Вашингтон хотноо болсон Ардчилсан намын Үндэсний хорооны арга хэмжээний үеэр “Шатахууны үнэ сүүлийн 3 сарын хугацаанд буурсан төдийгүй хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн тоо нэмэгдсэн” хэмээжээ. Гэвч тэрбээр тоо баримт дурдахдаа алдаа гаргасан бөгөөд сэтгүүлчид болон иргэдийн төлөөлөл Цагаан ордны захиргаанд нэхэмжлэл гаргаж, залруулга хийхийг шаардсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хэлэхдээ “Хийн үнийн өсөлт дарамт болж байгаа. Мөн стратегийн нөөцөөсөө шатахуун ашиглаж эхэлсэн талаар шүүмжлэлийг ойлгож байна. Гэхдээ шатахууны үнэ 1.30 ам.доллароор хямдарч нэгдсэн улсын 41 муж даяар нэг галлон бензиний үнэ 2.99 ам.доллароос бага байна” гэж хэлсэн байна.
Харин сэтгүүлчид болон иргэд Цагаан ордны удирдлагуудад нэхэмжлэл гаргаж, худал мэдээлэл хийсэн Жо Байдены тайлбарт залруулга хийхийг шаардсан байна. Тэгвэл Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены шатахууны дундаж үнийн талаар хийсэн мэдэгдэл худал байсныг хүлээн зөвшөөрсөн байна. Залруулга мэдэгдэлд өгүүлснээр тус улсад нэг галлон шатахууны үнэ 2.99 бус 3.99 ам.доллароос бага байгаа төдийгүй Жо Байден гол цифрийг хэлэхдээ алдаа гаргасан хэмээжээ. Жо Байден өмнө нь хийсэн мэдэгдлүүддээ шатахууны үнийг 3.99 ам.доллар хэмээн зөв тайлбарлаж байсан ч өнгөрсөн долоо хоногт АНУ даяар шууд дамжуулсан нэвтрүүлгийн үеэр ийнхүү алдаа гаргасан нь иргэдийн дургүйцлийг хүргэжээ.
Түүнчлэн Цагаан ордны тэргүүн АНУ-ын ажилгүйдлийн түвшин 3.7 хувьд хүрсэн нь сүүлийн 50 жилийн хугацаан дахь хамгийн бага үзүүлэлт болсон хэмээн ярьсан байна. Ажилгүйдлийн түвшин 3.7 хувьд хүрсэн нь түүхэн жишгээр авч үзвэл бага байгаа ч 2019-2020 оны хооронд буюу Доналд Трампын засаглалын үед 3.5 хувьд хүрч байсан удаатай. Харин Цагаан ордноос гаргасан залруулга мэдэгдэлд онцолсноор Жо Байдены засаглалын үед буюу сүүлийн нэг жил гаруй хугацааны дийлэнх саруудад нь ажилгүйдлийн түвшин 3.7 хувьтай байгаа нь эерэг үзүүлэлтийг урт хугацаанд хадгалж байгаа тохиолдол болсон гэжээ. Гэхдээ тоо баримттай холбоотой алдаатай мэдэгдэл хийснийг Цагаан ордны хэвлэлийн алба мөн хүлээн зөвшөөрсөн байна.