Эмийн хөнгөлөлтийн хувь буурснаар иргэд байнгын уух шаардлагатай эмээ 2 дахин өндөр үнээр авч байна

Иргэд хөнгөлөлтөөр олгодог эм авахдаа үнийн 30 хувийг төлдөг байсан бол одоо үндсэн үнийн 70 хувийг төлж байна. Уг хөнгөлөлтөд худалдааны нэрийн 543 эм багтсанаас 24 нэр төрлийн эмийг 100 хувь хөнгөлөлтөд оруулсан гэх боловч бодит байдал дээр иргэд байнга хэрэглэдэг эмээ өмнө нь авч байсан үнээсээ 2 дахин өндөр үнээр худалдан авч байгааг хэлж байна.

Хөнгөлөлттэй эмийг ихэвчлэн ахмад настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэрэглэдэг. Гэвч эдгээр иргэдийн орлого эмийн хэрэглээгээ хангахад хүрэлцдэггүй байна.

Иргэд ӨЭМТ-дөө үзүүлснээр өөрт тохирох эмийг бичүүлж, эмийн код авснаар хөнгөлөлттэй үнээр авах эрх үүсдэг. Эмийн үнийг шинэчлэн тогтоосноос хойш иргэд хөнгөлөлтөөр эм бичүүлэх нь эрс багассан байна. Улмаар ӨЭМТ-ийн ажлын ачаалал буурчээ.

Хөнгөлөлттэй эмийн үнэд өөрчлөлт орсон хэдий ч иргэд эмээ тогтмол уух шаардлагатай учраас өндөр үнээр худалдан авахаас өөр сонголтгүй болсон байна. Иргэдийн байнгын хэрэглэдэг эмийн үнэ ийнхүү өссөн нь хүндээр нөлөөлжээ. Цаашлаад уг шийдвэрээ эргэн харахыг холбогдох албаныхнаас иргэд хүссэн юм.