Вагоны экспортын ачаа, транзит ачааны үнийн тарифыг нэмэгдүүлнэ 

Төмөр замын салбарт тулгамдсан асуудал, гарц шийдлийн талаар өчигдөр төмөр замын салбарынхан нээлттэй санал солилцсон байна.

Улаанбаатар төмөр зам ХНН алдагдалтай ажиллаж байна гэж салбарын сайд мэдээллээ. Иймд үнийн тарифаа нэмэгдүүлэхээр болсон байна. Ингэхдээ экспортын ачаа, транзит ачаанд түлхүү үнэ нэмэгдүүлхээр болжээ.

  • Нийт 16.000 ажилтантай Улаанбаатар төмөр зам ХНН Монгол улсын төмөр замын ачаа тээврийн 90 хувийг дангаараа хариуцан тээвэрлэдэг байна.
  • Улаанбаатар төмөр зам ХНН жилд 14 сая ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Гэвч 2021 онд 71 сая тонн ачаа тээвэрлүүлэх хүсэлт иржээ.
  • Тэгвэл нөөц хүчин чадлаа ашиглан 2021 онд 31 сая тонн ачааг тээвэрлэж нийт 1 их наяд орчим төгрөгийн орлого олсон байна.
  • Улаанбаатараас-Эрээний чиглэлийн нэг вагон гал тэрэг ачаа тээврийн үнэ 100 сая төгрөг байгаа бол Чойроос Эрээний чиглэлийн нэг вагон ачаа тээврийн үнэ 70 сая төгрөг байна. Энэ нь зах зээл дэх үнийн дүнгээс хэт бага байгааг салбарын төлөөлөл үзэж байна. Тодруулбал үнийн тариф  2017 оноос хойш өөрчлөгдөөгүй байна. 

Задгай тээвэр зогссонтой холбоотойгоор бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орж байгаа энэ үед Замын-Үүд- Улаанбаатар чиглэлд тээврийн үнийг нэмэх асуудлыг судалж сайдад хүргүүлсэн гэдгийг Улаанбаатар төмөр замын удирдлагууд мэдээлж байна.

Салбарын сайдын мэдээлснээр эхний ээлжид вагоны үнийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэлээ. Ингэхдээ экспортын ачаа, транзит ачаанд илүү тарифаа нэмэгдүүлэх юм. Үүнээс бий болгосон ашгаар Улаанбаатар төмөр замын парк шинэчлэлийг хийж, техник технологийг сайжруулах бөгөөд мөн ажилчин албан хаагчдын цалинг сайжруулна гэлээ.