БНХАУ-ын эдийн засгийн хүндрэлийн таван шалтгааныг мэргэжилтнүүд тодорхойлжээ

БНХАУ-ын эрх баригчид “Ковид-19”-ийн халдварын хяналт, хязгаарлалтын хатуу дэглэм хэрэгжүүлсэн. Үүний улмаас дэлхий дахинд бараа бүтээгдэхүүний эрэлт суларч, эдийн засгийн өсөлт удааширч байна. Тус улсын өнгөрсөн улирлын эдийн засгийн өсөлтийн талаарх тайлан ирэх долоо хоногт гарах төлөвтэй байгаа юм. Мэргэжилтнүүд БНХАУ-ын эдийн засгийн хүндрэлийн таван шалтгааныг  тодорхойлжээ.

Мэргэжилтнүүдийн тайлбарлаж байгаагаар БНХАУ-ын эдийн засгийн идэвхжилд сөргөөр нөлөөлөх хамгийн эхний шалтгаан нь “Тэг-ковид” бодлого хэрэгжүүлсэн үйл явдал байна. Тухайлбал аж үйлдвэрийн бүс нутгууд болох Тяньжин, Шэньжень зэрэг мужуудад хатуу хөл хорионы дэглэм хэрэгжүүлснээр үйлдвэрлэлийн гарцыг сүүлийн жил гаруй хугацаанд үлэмж хэмжээгээр бууруулсан байна. Мөн тус улсын иргэд дотоодын аялал жуулчлал, жижиглэнгийн худалдаа, хоол, хүнсэнд мөнгө зарцуулахгүй байгаа нь эдийн засгийнх нь чухал хэсгийг бүрдүүлдэг үйлчилгээний салбарт нь орж буй орлогыг өндөр хувиар бууруулсан байна. Түүнчлэн Бээжингийн эрх баригчид энэ он гарснаас хойш дэд бүтцийн салбарт их хэмжээний мөнгө зарцуулж байгаа нь эдийн засгийнх нь өсөлтөд сөргөөр нөлөөлж байгааг мэргэжилтнүүд онцолжээ. Мөн “Тэг-ковид” бодлого, инфляц, Орос-Украины дайнаас үүдэлтэйгээр АНУ тэргүүтэй чинээлэг орнуудын эрэлт буурсан нь Хятадын эдийн засагт дам нөлөө үзүүлсэн байна.

Өнгөрсөн 8-р сард БНХАУ-ын эрх баригчид жижиг дунд бизнес, дэд бүтэц, үл хөдлөхийн салбараа хөгжүүлэхийн тулд 200 тэрбум ам.долларын тусламжийн багц арга хэмжээ хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Гэхдээ тус улсын эрх баригчид энэ хэмжээний төсвөөр тодорхой чиглэлд ажлын байр бий болгож, улмаар орлоготой иргэд зарлагаа нэмэгдүүлснээр эдийн засгийн өсөлтийг бий болгох боломж байсан гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Мөн БНХАУ-ын үл хөдлөхийн салбарын хямрал эдийн засгийнхаа өсөлтөд тушаа болж байна. Тус улсын иргэд болон хөрөнгө оруулагчид үл хөдлөхийн салбарын хэтийн төлөвт эргэлзэж байгаа төдийгүй барилгын компаниуд түүхий эдээ зарж борлуулж алдагдлаа нөхөж эхэлсэн байна.

Нэмж мэдээлэхэд Хятад улсад ажилгүйдлийн түвшин хязгаарлалтын дэглэмтэй холбогдуулан үлэмж хэмжээгээр нэмэгджээ. Тус улсын 18-25 насны таван иргэн тутмын нэг нь ажилгүй байгаа нь эдийн засгийнх нь өсөлтөд сөргөөр нөлөөлж байгаа гэсэн байна