Цар тахлын хоёр жилийн хугацаанд 40 эх эндсэн байна

Манай улс 2030 он гэхэд эхийн эндэгдлийг 100 мянган амьд төрөлтөд 15 болгож бууруулна гэсэн зорилт тавьжээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар энэ тоо 22 байна. Эх нярайн эндэгдлийг бууруулахын тулд цаашид эхэд яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, яаралтай тусламжийн үйлчилгээг сайжруулах, эндэгдэлд хүргэх магадлалтай өвчнийг эрт оношилж, эмчилгээ хийснээр эхийн эндэгдлийг багасгах боломжтой гэж салбарын яамнаас үзэж байна.

2022 он гарсаар 17 эх эндсэн байна. Үүний 50 хувь нь жирэмсний хяналтдаа эрт орсон, 6 нь хяналтдаа ороогүй байжээ. Харин цар тахлын 2 жилд эх нярайн эндэгдэл өссөн байна. Энэ хугацаанд нийт 40 эх эндсэн байна.

Өмнө нь 0-1 сартай нярайн эндэгдэл их байсан бол харин эмнэлгээс үүдэлтэй эх нярайн эндэгдэл буурсан байна. Тиймээс эмэгтэйчүүд жирэмсний хугацаандаа эмнэлгийн хяналтад идэвхтэй хамрагдаж, эрүүл мэндийн боловсролоо сайжруулах хэрэгтэйг салбарын яам болоод эмч мэргэжилтнүүд сануулж байна.