БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонгконгийн шүүхээс үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчин "Зэвсэгт хувьсгалд" бусдыг уриалсан хэргээр анх удаа өсвөр насны таван хүүхдэд тус бүр гурван жилийн хорих ял оноожээ. Хонгконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль нь 2020 оноос хойш хэрэгжиж байгаа төдийгүй ардчиллыг дэмжигч иргэдийг хэлмэгдүүлэх зорилгоор анх санаачилсан гэж олон улсын ажиглагчид үздэг байна.
Өнгөрсөн 2021 оноос эхлэн БНХАУ-д өргөнөөр ашиглагддаг "WEIBO", "WECHAT" зэрэг цахим сүлжээний хэрэгслүүдээр Хонгконгийн тусгаар тогтнолыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн, Хятадын Засгийн газрыг түлхэн унагах "Цуст хувьсгалд" уриалсан суртал ухуулга бүхий зурвасууд тус улсын иргэдийн хувийн хаягуудаар ихээр ирэх болжээ. Мөн Хонгконгийн гудамж талбайд үүнтэй ижил зурвас бүхий цаасан бичмэлүүдийг ихээр тараах болсонтой холбогдуулан Хонгконгийн Хууль сахиулах байгууллагын ажилтнууд долоон хүнийг баривчилсан бөгөөд тэдний тав нь насанд хүрээгүй буюу 18-аас доош насны иргэд байсныг өрнөдийн хэвлэлүүд мэдээлжээ.
Хонгконгийн шүүхэд яллагдагчаар татагдсан эдгээр насанд хүрээгүй иргэдэд тус хотын шүүх Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн хэргээр яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд шүүгдэгчдийн нас болон төлөвшөөгүй байдлыг үндэслэн залуучуудын хорих ангид гурван жилийн хорих ял оноожээ. Мөн уг хэрэгт насанд хүрсэн хоёр иргэн холбогдсон төдийгүй тэдний шүүх хурал ирэх сард болох товтой байгааг эх сурвалжууд мэдэгдэж байна. Ажиглагчдын үзэж байгаагаар тэдэнд 15 хүртэл жилийн хорих ял ногдуулж болзошгүй гэж үзэж байна.
2020 оноос хойш хэрэгжиж байгаа Хонгконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн хэргээр одоогийн байдлаар 120 гаруй хүн ял эдэлж байгааг Жоржтауны их сургуулиас нийтэлсэн судалгааны тайланд дурджээ. Дээрх ял эдэлж байгаа хүмүүсийн дийлэнх нь ардчиллыг дэмжигч жагсагчид, идэвхтнүүд, оюутнууд болон сөрөг хүчний хууль тогтоогчид байгаа юм байна.
Өрнөдийн улсуудын насанд хүрээгүй иргэн үүнтэй ижил төстэй хэрэг үйлдсэн тохиолдолд түүний эцэг, эх, асран хамгаалагчдад сануулга хүргүүлж, зарим ноцтой тохиолдолд мөнгөн торгууль ногдуулдаг бол насанд хүрсэн иргэнийг хэргийн хамрах хүрээ, хор хөнөөлөөс хамаарч мөнгөн торгуулиар шийтгэх эсвэл тав хүртэл жилийн хорих ял оногдуулдаг байна.