Нобелийн Энх тайвны шагналыг ОХУ, Беларусь, Украины хүний эрхийн төлөө тэмцэгчдэд олгожээ

Энх тайвны шагналтнуудыг Нобелийн хорооны дарга Берит-Рейсс Андерсен өнгөрсөн бямба гарагт зарласан бөгөөд Украинд дайн ид өрнөж байгаа энэ үед шагналыг гардуулсан байна.

“Тэд эрх баригчдыг шүүмжлэх, иргэдийн үндсэн эрхийг хамгаалахын төлөө олон жил зүтгэсэн. Тэд дайны гэмт хэрэг, хүний эрхийн зөрчил, эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг баримтжуулахад онцгой хүчин чармайлт гаргасан. Тэд хамтдаа энх тайван, ардчиллын төлөө иргэний нийгэмд чухал болохоо харуулж байна” гэж  Нобелийн хорооноос мэдэгдсэн байна.

Алесь Беляцкий нь өнгөрсөн 2021 оны 7-р сарын 15-нд татвараас зайлсхийсэн хэргээр Беларусьт баривчлагджээ. Түүний тэргүүлдэг "Весна" хүний эрхийн байгууллагыг Беларусийн эрх баригчид төрийн магадлан итгэмжлэлээс хасаж, төлөөлөгчдөд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Тэгвэл ОХУ-ын хүний эрхийн ууган байгууллага болох "Мемориал" төвийг тус улсын дээд шүүхийн 2021 оны 12-р сарын 28-ны өдрийн шийдвэрээр татан буулгаж, Хууль зүйн яамнаас тус төвийн хүний эрхийн төлөө тэмцэгчдийг гадаадын тагнуулуудын жагсаалтад оруулсан байна.

 Нобелийн шагнал хүртсэн Украины “Иргэний эрх чөлөөний төв”-ийг 2007 байгуулжээ. 2022 оны 2-р сард Оросын цэргүүд Украин руу довтолсны дараа тус төв дайны гэмт хэргийг баримтжуулж, дүрвэгсдийн эрхийг хамгаалах ажлыг хийж байгаа юм байна. 2013 онд тус байгууллага мөрдлөг хавчлагад өртсөнийг үл харгалзан  Евромайданы оролцогчдод тусалж байжээ.