Даваа гарагт Украины нийслэл Киев болон зэргэлдээх Львов, Тернополь, Днепр хотуудад дараалсан дэлбэрэлтүүд болсныг "Ройтерс" агентлаг мэдээлжээ. Энэ талаар Украины олон нийтийн "Суспильне" телевиз Онцгой байдлын албанаас эш татан мэдээлсэн ч дэлбэрэлтээс үүдсэн хор уршгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Тэгвэл өөр нэгэн албаны эх сурвалж “Дэлбэрэлтийн улмаас 12 хүн амь үрэгдэж, 70 гаруй хүн гэмтэж бэртсэн” гэж мэдээлсэн байна. Орон нутгийн цагаар өглөөний 9 цаг орчимд буюу иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдсэн ид ачааллын үеэр халдлага үйлдэн пуужин харвасан нь зориуд олныг хамарсан аллага үйлдэх зорилготой ОХУ-ын талын үйл ажиллагаа байсан гэж ажиглагчид үзэж байна.
Пуужингийн нисэх чимээ сонсогдсоноос хойш ердөө 5 минутын дараа Киевийн ойр орчимд хэд хэдэн хүчтэй дэлбэрэлт боллоо гэж тус улсад суугаа Гадаадын элчин сайдын яамдууд хамтарсан мэдэгдэлдээ дурджээ.
Өнгөрсөн бямба гарагт Крымийн хойгийг ОХУ-тай холбодог гүүрний халдлагыг Украины тусгай албаны хийсэн террорист үйл ажиллагаа хэмээн Владимир Путин мэдэгдсэн бол үүний хариуд өнөөдөр Оросын тал ийм арга хэмжээ авлаа гэж ажиглагчид үзэж байна.