Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй эдийн засагтай орнуудын бүлэг болох “Их долоо”-гийн бүлгийн удирдагчид Орос Украины хотуудад пуужингийн цохилт өгсөнтэй холбогдуулан Украин дахь Оросын дайны талаар яаралтай хуралдаан хийхээр болжээ. Их долоогийн бүлгийн улс орнуудын удирдагчид Украинд үзүүлэх шуурхай тусламж болон Батлан хамгаалахын салбарын зэр зэвсгийн нийлүүлэлт, ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлэх ээлжит хориг арга хэмжээний талаар хэлэлцэх төлөвтэй байгааг “Ройтерс” агентлаг мэдээлжээ.
Цахим хэлбэрээр явагдах уулзалтын үеэр мөн Украины ерөнхийлөгч Владимир Зеленский үг хэлэх төлөвтэй байна. АНУ, Европын холбоо, НҮБ-ын өндөр албан тушаалтнууд даваа гарагт пуужингийн цохилтын талаар сонсоод ихэд цочирдож байгаагаа илэрхийлсэн бөгөөд В.Зеленскийн мэдээлснээр, цохилтын улмаас 15 хүн амиа алдаж, 97 хүн шархадсан байна.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэхдээ, эдгээр халдлага нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний Украин дахь дайн “харгис шинжтэй болохыг дахин харууллаа” хэмээн мэдэгдсэн байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн хувьд халдлагын талаар сонсоод “цочирдсон” гэдгээ тэмдэглээд, дайн хурцдаж байгааг илтгэн харуулж байна гэж хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдсэн байна.
Пуужингийн цохилтын улмаас хүний амь нас эрсэдсэнээс гадна Украины эрчим хүчний сүлжээний нэлээд хэсэгт гэмтэл учруулсан нь Эрчим хүчний яамыг Европын Холбоо руу мягмар гаргаас цахилгаан эрчим хүч экспортлохоо зогсоож байгаагаа мэдэгдэхэд хүргэсэн байна. Оросыг Крымийн хойгтой холбосон гүүрний хэсэг дэлбэрэлтийн улмаас нурснаас хоёр хоногийн дараа пуужингийн цохилт өгсөн байна.
Украины арми өнгөрсөн 8-р сарын сүүлээр сөрөг довтолгоогоо эхлүүлснээс хойш Өмнөд хэсгийн Херсон мужид 1170 орчим хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрийг амжилттайгаар эргүүлэн хяналтдаа оруулаад байгаа юм.