Украины ерөнхийлөгч Володимир Зеленський энэ даваа гарагт нийслэл Киев болон тус улсын хэд хэдэн томоохон хотууд Оросын зэвсэгт хүчний агаарын довтолгоонд өртсөний дараа хийсэн мэдэгдэлдээ “Владимир Путин манай улсын энгийн иргэд, эрчим хүчний дэд бүтцийг онилон цохилт өгч байна. Тэдний харвасан 80 гаруй пуужингийн талыг нь манай зэвсэгт хүчин агаарт устгасан ч үлдсэн нь байндаа тусаж бидэнд ихээхэн хохирол учрууллаа” хэмээжээ. Мөн “Киев, Львов, Днепр, Винница, Запорожье, Харьков болон бусад бүс нутгийн эрчим хүчний байгууламжууд цохилтод өртсөн” гэж “telegram” хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. “Тэд сандралд автуулж, эмх замбараагүй байдал үүсгэж, манай эрчим хүчний системийг үгүй хийхийг оролдож байна. Тэдний найдвар тасарсан” гэж Зеленский хэлжээ. Мөн дараагийн бай нь хүмүүс гэж тэрээр нэмж хэлсэн байна. “Аль болох их хохирол учруулахын тулд энэ цаг, энэ байг тусгайлан сонгосон” гэж тэрээр мэдэгдээд, хүмүүсийг бөмбөгдөлтөөс хоргодох байрнаас гарахгүй байхыг уриалжээ. Өнөөдөр албаны эх сурвалжуудын мэдээлснээр Оросын пуужингийн довтолгооны улмаас 15 хүн амиа алдаж, 90 гаруй гэмтэж бэртжээ.
Өнгөрсөн бямба гарагт Крымийн хойгийг ОХУ-ын газар нутагтай холбодог гүүрэн дээр дэлбэрэлт болж, авто замын хэсэг нь нурсан юм. Шатахуун тээвэрлэх хэд хэдэн сав шатаж, гүүрэн дээрх автомашин, галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоогоод байгаа юм. Уг Крымийн гүүрийг ОХУ-ын эрх баригчид Украины өмнөд хэсэг рүү зэр зэвсэг, цэргийн хангамж нийлүүлэхэд ашиглаж байсан юм. Орос улсын 2014 онд байгуулсан уг дэд бүтцийг Украины тусгай албаны ажилтнуудын гадаад улсын тагнуулын байгууллагын тусламжтайгаар санаатайгаар дэлбэлж, сүйдэлсэн гэж Кремлийн тэргүүн Владимир Путин мэдэгдээд байсан төдийгүй “террорист" ажиллагаа хэмээн тодорхойлсон юм. Тэгвэл өнгөрсөн даваа гарагт Украины иргэд, эрчим хүчний дэд бүтцийг онилсон пуужингийн довтолгоо нь дээрх гүүрний дэлбэрэлт үйлдсэний хариу арга хэмжээ гэж ажиглагчид үзэж байна.