Нэг цэгийн үйлчилгээний нэгдсэн төв болох Дүнжингарав худалдааны төвд иргэд гадаад паспорт захиалахын тулд хоёроос дөрвөн цаг дугаарлан зогсож байгаа гэсэн юм. Иргэнийг бүртгэх нэг ажилтан, зураг авах нэг ажилтан нэг цэгийн үйлчилгээнд ажиллаж байна. Харин дараа нь иргэн бичиг баримтаа дахин өөр цонхонд өгөхөөр дугаарлах шаардлагатай болох юм.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан шийдвэрийн дагуу иргэд гадаад паспорт захиалахдаа цээж зургаа УБЕГ-ын ажилтнаар авахуулахаар болсон байна. Гэвч уг зохицуулалтыг хийх болсноор нэг хүн хоёроос гурван цаг дугаарлах шаардлага үүсэж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Иргэдийн цээж зургийг авах бүртгэлийн ажилтан нь богино хэмжээний сургалтад хамрагдсан байна. Гэхдээ өмнөхөөсөө илүү удаашралтай олон дамжлагатай болсон нь төрийн үйлчилгээнд улам хүндрэл учруулж байна гэж иргэд шүүмжилж байсан юм.
Төрийн үйлчилгээ хүнд сурталтай олон дамжлагатай гэж иргэдийн шүүмжлэлийг хүртдэг. Энэ удаа мөн адил төрийн үйлчилгээг шуурхай болгоно гэж энэ шийдвэрийг гаргасан ч нөхцөл байдал хүндэрсээр байна.