Төрийн үйлчилгээний хүнд суртал 2021 онд цар тахлын өмнөх үеэс ихэссэн байна

“Хүнд суртлын индекс” судалгааг Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хийсэн байна. Судалгааны үр дүнгээр төрийн үйлчилгээний үндсэн 4 төрлөөс зөвшөөрлийн үйлчилгээ хамгийн хүнд суртал дагуулдаг нь тогтоогджээ.  Мөн бизнес эрхлэгчид төрийн нэг үйлчилгээ авахдаа дунджаар 6 баримт бичиг цуглуулж, 3 албан хаагчтай харьцаж, дор хаяж 13 хоног зарцуулж, 360 орчим мянган  төгрөгийн албан зардал гаргадаг байна.

Монгол улсын үндсэн хуулийн арван зургадгаар зүйлийн 12-т заасны дагуу иргэн төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Гэвч энэ хууль хараахан хэрэгжиж чаддаггүй жишээ бол төрийн хүнд суртал юм.

Харин манай улсын хүнд суртлын индексийг гаргах зорилгоор МҮХАҮТ-аас 2004 оноос хойш хоёр жил тутам судалгаа хийж ирсэн байна. 2021 оны судалгааг  Улаанбаатар хот, орон нутгийн бизнес эрхлэгчдээс онлайн болон ярилцлагын  хэлбэрээр авсан байна. Судалгаагаар бизнес эрхлэгчид 2021 онд цар тахлын өмнөх үетэй харьцуулахад төрийн үйлчилгээний хүнд суртал ихэссэн гэж үзсэн байна. Төрийн байгууллага хоорондын уялдаа холбоогүй байдал, төрийн үйлчилгээ авахад зарцуулж буй цаг хугацаа ихээхэн хүндрэл учруулж байна гэжээ.

Төрийн үйлчилгээний үндсэн 4 төрлөөс зөвшөөрлийн үйлчилгээ хамгийн бага үнэлгээтэй ба хамгийн их хүнд сурталтай байна. Түүнчлэн хяналт шалгалт явуулах, худалдан авах ажиллагаанд оролцох зэрэг үйлчилгээнүүд дунджаас бага үнэлэгдсэн байна. Бизнес эрхлэгчид төрийн нэг үйлчилгээ авахдаа дунджаар 6 баримт бичиг цуглуулж, 3 албан хаагчтай харьцаж, 13 хоног зарцуулж, 360 мянган төгрөгийн албан зардал гаргаж байна. Харин нийт судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 45 хувь нь үйлчилгээ авахдаа албан бус зардал гаргасан ба нэг үйлчилгээ авахад дунджаар 219 мянган төгрөг төлсөн байна. Өөрөөр хэлбэл хээл хахуулын харилцаа үүсэж байна.

Төрийн байгууллагаас үйлчилгээ авах явцад судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 16 хувь ба нийт 94 аж ахуйн нэгж хууль, дүрэм журмын зөрчил гарсан гэж үзсэн ба 3 байгууллага тутмын нэг нь л үйлчилгээтэй холбоотой гомдол гаргасан бол эдгээр гомдлын ердөө 8 нь зохих журмын дагуу шийдвэрлэсэн байна.