Мэргэжилтнүүд тактикийн цөмийн зэвсгийн талаар болон В.Путин үүнийг хэрхэн ашиглаж болох талаар тайлбарлажээ

ОХУ–ын Ерөнхийлөгч Владимир Путин сүүлийн нэг сар гаруйн хугацаанд цөмийн зэвсэгтэй холбоотой олон удаагийн заналхийлсэн мэдэгдлүүдийг хийгээд байгаа. Тэгвэл олон улсын Батлан хамгаалах салбарын мэргэжилтнүүд түүний хэлээд буй тактикийн цөмийн зэвсгийн талаар болон үүний хор хөнөөлийн талаар, мөн, В.Путин үүнийг хэрхэн ашиглаж болох талаар тайлбар хийжээ.

Тактикийн цөмийн зэвсэг гэдэг нь жижиг хэмжээний бүтэцтэй боловч үр дүн нь маш их төдийгүй үхэл, сүйрэлд хүргэдэг. Уг зэвсэг нь нэг тодорхой хот, сууринг бүхэлд нь устгахаас илүүтэйгээр тодорхой зорилтот газруудад хязгаарлагдмал хүрээнд цохилт өгөх зориулалттай. Тактикийн цөмийн зэвсгийн тэсрэх хүчин чадал нь нэг килотонноос 100 килотонн хүртэл хэлбэлздэг бол стратегийн цөмийн зэвсгийн хувьд мянган килотонн хүртэл тэсрэх чадалтай. Энгийн жишээгээр тайлбарлавал, 1945 онд Японы Хирошима, Нагасаки хотуудыг устгасан цөмийн бөмбөгний хүч дөнгөж 12-21 килотонн байсан хэдий ч олон мянга хүнийг амийг авсан юм. Тэгвэл Владимир Путины яриад байгаа тактикийн цөмийн зэвсэг нь Нагасаки, Хирошимаг бөмбөгдсөнөөс хэд дахин хүчтэй байхаас гадна хэлбэр хийцийн хувьд сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд хөгжүүлэлт хийгдэж илүү жижиг хэмжээний бөгөөд бүтээмж өндөртэй болгосон гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Одоогийн байдлаар дэлхийн аль ч улс орон дайн, байлдааны үйл ажиллагаанд тактикийн цөмийн зэвсэг ашиглаж байгаагүй. Хүйтэн дайны үед АНУ, ЗХУ аль аль нь аливаа халдан түрэмгийлэл, заналхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд уг зэвсгийг бүтээж байсан юм.

Тэгвэл тактикийн цөмийн зэвсэг хэчнээн хүний аминд хүрэх боломжтойг мэргэжилтнүүд тайлбарлажээ. 12 килотоннийн хэмжээтэй цөмийн бөмбөг Хирошима, Нагасаки хотын 70 орчим мянга хүний аминд хүрсэн бол уг үйл явдлын дараа ч цацраг идэвхт бодисын хор хөнөөл олон мянган хүнд хүрч тэдний амийг авсан юм. Тэгэхээр ОХУ-ын тактикийн цөмийн зэвсгийн нэг л удаагийн цохилтын нөлөөгөөр Киев хотын 150 мянга орчим хүн амиа алдаж болзошгүй ч дараагаар нь тохиолдох хор хөнөөлийг хэмжих боломжгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр ОХУ-д тактикийн цөмийн зэвсгийн 2000 идэвхтэй хошуу байгаа бол АНУ-д 200 орчим ийм төрлийн зэвсэг байгаа юм байна. Стратегийн болон тактикийн цөмийн хошууны нийт дүнгээр Нато-гийн гишүүн улс болох АНУ дэлхийд тэргүүлж байгаа юм.