Манай улсад дунджаар 12 нэр төрлийн халамжийг зайлшгүй шаардлагатай зорилтот бүлэгт олгодог

Сүүлийн үед улс орны эдийн засгийн доройтол, ажилгүйдэл зэргийг төрөөс иргэдэд олгож буй нийгмийн халамжтай холбон тайлбарлах болсон. Манай улсад нийгмийн халамжийн зургаан хуулийн дагуу дунджаар 12 нэр төрлийн халамжийг зайлшгүй шаардлагатай зорилтот бүлэгт олгодог байна. Тэдгээр халамжийн үйлчилгээг давхацсан тоогоор дунджаар 2.5  сая гаруй иргэн авдгаас тал хувь нь хүүхдүүд байна.

Иргэд олон нийтийн дунд халамж хавтгайрсны улмаас ажиллах хүчин ховордсон гэх ташаа ойлголт байдаг. Тэгвэл хөдөлмөрийн насны иргэдэд чиглэсэн халамжийн заалт манай улсад байдаггүй.

Нийгмийн халамж гэдэг нь эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хэлнэ гэж МУ-ын нийгмийн халамжийн тухай хуульд тодорхойлжээ.

Харин хүүхдийн мөнгө, жирэмсэн болон хөхүүл эхийн тэтгэмж, эхийн алдар одонгийн мөнгө насны хишиг зэрэг нь нийтлэг ангилалд багтдаг. Тиймээс хуулийн дагуу тухайн иргэн өөрөө шалгуурт тэнцдэг учраас зайлшгүй олгогддог байна.