2022-2023 оны өвөл дэлхий даяар томуугийн өвчлөлийн давлагаа үүсэх эрсдэл бий болоод байгааг дэлхийн томоохон судлаачид анхааруулжээ. Ялангуяа, Ковид-19-ийн цар тахал болон томуугийн цар тахал хавсран явагдаж болзошгүй байгааг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.
2022 оны эхний 3 улирлын байдлаар улсын хэмжээнд амбулаториор 232.616 хүн үйлчлүүлсний 172.770 буюу 7.4 хувь нь томуу, томуу төст өвчнөөр оношлогджээ, ТТӨ-ий шалтгаантай түргэн тусламжийн дуудлага улсын хэмжээнд нийт дуудлагын 9.4 хувийг эзэлдэг байна. Энэ онд 545.000 тун томуугийн вакциныг захиалж, вакцинжуулах бэлтгэл ажлыг хангасан байна. Томуугийн вакцинд эхний ээлжинд өндөр настан, 0-5 насны хүүхдүүд, жирэмсний 3 сараас дээш сартай эмэгтэйчүүдийг хамруулна
Томуугийн дэгдэлт нь 2-р сараас эхэлж 3-р сард оргил үедээ хүрдэг тул энэ нь улсын эмнэлгүүдийн ачаалал үүсэх гол шалтгаан болдог. Тэгвэл иргэдийн дунд Ковид-19-ийн вакцин хийлгэсэн тохиолдолд томуугаар өвчлөхгүй гэсэн ташаа ойлголт байгаа юм. Тухайн өвчтөн Ковид-19-ийн дөрвөн тун вакцин хийлгэсэн ч томуу нь тусдаа өвчлөл учраас томуугийн вакцин хийлгэх ёстой гэдгийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.
Томуугийн дархлаажуулалтад хамрагдсан хүүхдэд тухайн өвчний вирусийн эсрэг биет үүсдэг учраас халдвар эсэргүүцэх чадвар илүү сайн байдаг гэж үздэг. Тиймээс томуугийн улирлыг угтуулж, вакцин хийлгэх нь хүндрэлээс сэргийлэх гол арга зам юм.
Иргэд томуу, томуу төст өвчний улирлыг угтуулан тухайн өрх дүүргийнхээ вакцинжуулалтын цэгт очиж ,үнэ төлбөргүйгээр томуугаас урьдчилан сэргийлэх вакциныг хийлгэх бүрэн боломжтой юм байна.