Нато-гийн эвслийн тэргүүн Йенс Столтонберг Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжаа зогсоохгүй хэмээн мэдэгджээ

Умард атлантын гэрээний байгууллага буюу Нато-гийн тэргүүн Йенс Столтонберг “ОХУ-ын цөмийн зэвсэгтэй холбоотой үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байгаа төдийгүй Украинд цөмийн зэвсэг ашигласан тохиолдолд хариу үр дагавар нь уг дайныг үндсээр нь өөрчлөх хэмжээний байх болно.” гэдгийг анхааруулсан юм. Өнгөрсөн лхагва гарагт Бельгийн нийслэл Брюссель хотноо Нато-гийн гишүүн улс орнуудын Батлан хамгаалахын сайд нарын уулзалт эхэлсэн бөгөөд хоёр хоног үргэлжилсэн байна

Нато-гийн гишүүн улсуудын Батлан ​​хамгаалахын сайд нар өнгөрсөн пүрэв гаригт Брюссель дэх цэргийн эвслийн төв байранд уулзсан байна. Тус уулзалтаар хэлэлцэх асуудлын жагсаалтын нэн тэргүүнд дотоодын хэрэгцээнд зориулж зэвсгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Украины Батлан ​​​​хамгаалах салбарт дэмжлэг үзүүлэх асуудлаар байсныг эх сурвалжууд мэдээлжээ.

Мөн "Умардын урсгал 1" байгалийн хийн хоолойд үйлдсэн халдлага нь Орос-Украины хурцадмал байдлыг улам дордуулж байгаа тул Нато-гийн гишүүн улс орнууд өөрсдийн эрчим хүчний дэд бүтцийн хамгаалалтыг сайжруулах асуудлаар хэлэлцжээ. Харин “Умардын урсгал 1” хийн хоолойд үйлдсэн халдлагын буруутныг одоог хүртэл илрүүлж чадаагүй байгаа төдийгүй Дани, Швед, Германы цагдаагийн хамтарсан мөрдөн шалгах баг хэргийн буруутныг олж тогтоохоор ажиллаж байгаа гэжээ.

Өнгөрсөн лхагва гарагт эхэлсэн уулзалтын эхэнд Умард атлантын эвслийн тэргүүн Йенс Столтонберг Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжийг нэмэгдүүлэхээ амлахаас гадна агаарын довтолгооноос хамгаалах системийг шинэчлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Түүнчлэн хаалттай хэлбэрээр явагдсан уулзалтын дараа АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин “Нато-гийн гишүүн улсын газар нутгийн сөөм бүрийг цөмийн аюулаас хамгаална” хэмээн мэдэгджээ.

Тэгвэл Европын холбооны Гадаад бодлогын асуудал хариуцсан тэргүүн Жозеп Боррелл хэлэхдээ “Владимир Путин Украинд цөмийн зэвсгээр цохилт өгөх нь хоосон сүрдүүлэг биш гэж тодорхойлсон. Хэрэв энэ нь хийрхэл биш юм бол өрнөдийн улсуудын анхааруулга мөн үг төдий зүйл биш. Путин Украинд цөмийн зэвсэг ашигласан тохиолдолд Өрнөдийн улсууд Оросын армийг устгах хүчтэй хариу арга хэмжээ авах болно” гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

Өнгөрсөн сард Украины зэвсэгт хүчин хариу давшилтаа амжилттай хэрэгжүүлж Өмнөд  фронтын хэд хэдэн бүс нутгийг өөрсдийн хяналтдаа оруулсан байна. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цөмийн зэвсэг хэрэглэнэ хэмээн сүрдүүлж, удаа дараа заналхийлсэн мэдэгдэл хийгээд байгаа юм.