БНХАУ-ын Коммунист намын 20-р их хурал эхлэхээс хэдхэн хоногийн өмнө буюу өнгөрсөн лхагва гарагт Бээжин хотноо Ши Жиньпинийн засаглалын арга барил болон “Ковид-19”-ийн халдвартай холбогдуулан хэрэгжүүлж байгаа хязгаарлалтын дэглэмийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал болсон байна. Тус улсын эрх баригчид уг эсэргүүцлийн жагсаалыг богино хугацаанд тараасан гэж “Ройтерс” агентлаг мэдээлсэн байна.
Хятадын “Weibo” цахим сүлжээнд нийтлэгдсэн зураг, бичлэгт буулгаснаар тус улсын иргэд “Ковид-19”-ийн халдвар бус хоол хүнс, хөл хорио биш эрх чөлөө, түүх соёл бус даяаршил шинэчлэл, дарангуйлагч бус удирдагч, боол биш иргэн” хэмээх лоозонг гартаа барин жагсжээ.
Мөн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Коммунист намын 20-р их хурал зохион байгуулагдах Ардын их хурлын ордны ойролцоох метроны буудал, гудамж талбайд хагас цэрэгжүүлсэн байдалтай байгаа гэсэн байна. Улмаар цагдаа нар эргүүл хийж, гудамжны хамгаалалтыг чангатгажээ. Түүнчлэн Бээжин хотын зарим дүүргийн иргэдийн интернет сүлжээг хязгаарлаж эхэлснээс гадна Өрнөдийн зарим телевизийн сувгийн шууд дамжуулалтыг хаасан байна.
Тэгвэл өнгөрсөн баасан гарагаас эхлэн Бээжин хотын иргэдийг гурван удаагийн “Ковид-19”-ийн халдварын шинжилгээнд хамруулна гэдгийг эрх баригчид нь мэдэгджээ. Энэ нь тус хотын нийт оршин суугчдыг хамруулна гэсэн үг байна.