Ж.Энхцэцэг: Эрүүл мэндийн яамнаас гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна

Өргөө амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг 10-р сарын 13-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн. Тэрбээр ажлаа өгөхдөө тус эмнэлгийн эмч ажилтнуудын гаргасан алдаа зөрчлүүдийн талаар дурдсан юм. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт өргөө амаржих газрын үйлдвэрчний хорооноос түүнийг тус эмнэлгийн эмч, ажилтнуудыг үндэслэлгүйгээр гүтгэсэн гэх байр суурийг илэрхийлээд байсан юм.

Харин Эрүүл мэндийн яамнаас Өргөө амаржих газрын захирал асан Энхцэцэгийг ажлаас чөлөөлсөн шалтгааныг тайлбарлахдаа цаашид эмнэлгийн үйл ажиллагааг доголдуулах эрсдэлтэй гэж үзжээ. Мөн 267 ажилтан албан хаагчаас бичгээр санал асуулга авахад 54 хувь нь сэтгэл ханамжгүй байгаа гэх судалгааг өгчээ.

Өргөө амаржих газар нь хүний нөөцийн дутагдлаас үүдэн одоо ажиллаж буй эмч ажилтнууд уртасгасан цагаар ажиллаж,эмнэлгийн үйл ажиллагаа хүнд нөхцөл байдалтай байгаа талаар ярьсан юм.

Мөн энэхүү асуудлаар Өргөө амаржих газрын захирал асан Энхцэцэгээс тайлбар мэдээллийг авахад  цахим орчинд цацагдсан бичлэг дээр үндэслэн энэхүү шийдвэрийг гаргахад хүргэсэн гэлээ. Харин тэрээр ёсзүйн хорооноос гаргасан 12 дүгнэлтийг үгүйсгэж байсан юм.

Эрүүл мэндийн байгууллагын нөхцөл байдлын улмаас эх нярайн эмчилгээ үйлчилгээнд доголдол үүсэх эрсдэл үүсээд байгаа юм. Тиймээс салбар яамны зүгээс эмч ажилчдад тулгарч буй асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг тус эмнэлгийн эмч ажилтнууд шаардаж байсан юм.