Монгол улс 1997 онд Дампуурлын тухай хуулийг баталж байжээ. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд уг хууль үйлчлэхдээ зарчмын шинжтэй бөгөөд бие даасан өөрчлөлт ороогүй байна. Тус хуулийг шинэчлэн найруулж “Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль” болгон өөрчилсөн бөгөөд хуулийн төслийг өнгөрсөн баасан гарагт УИХ-аар хэлэлцлээ.
Энэхүү хуулийн төсөлд тухайн хуулийн этгээдийг төлбөрийн чадвартай эсэхийг тогтоох, ААН-ыг дампуурахаас урьдчилан сэргийлж, хэрэглэгч, харилцагч талын хохирол, төлбөрийг төлүүлэхийн тулд тухайн хуулийн этгээдийн хөрөнгийг борлуулах замаар төлбөрийг барагдуулах зэрэг зохицуулалтууд орж байгаа юм.
Одоогийн байдлаар манай улсын дагаж мөрдөж байгаа Дампуурлын тухай хууль нь тухайн хуулийн этгээд төлбөрийн чадваргүй болж үйл ажиллагаа зогссон тохиолдолд өмч хөрөнгийг царцаах замаар харилцагч талын хохирлыг барагдуулдаг байна.
Монгол улсын шүүх Дампуурлын тухай хуулиар сүүлийн 18 жилд 260 гаруй хэргийг шийдвэрлэсэн байдаг. Одоо мөрдөгдөж байгаа Дампуурлын тухай хууль нь хуулийн этгээд болон харилцагч этгээдийн хохирлыг аль ч талд нь барагдуулж чаддаггүй учир дутагдалтай байсан байна.