НҮБ-ын Ерөнхий Ассамблей ОХУ Украины дөрвөн бүс нутгийг өөртөө нэгтгэсэн асуудлыг буруушаасан тогтоол баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблей ОХУ-ын Украины дөрвөн бүс нутгийг хууль бусаар өөртөө нэгтгэсэн асуудлаар санал хураалт явуулж, тус байгууллагын гишүүн 143 орон дэмжсэнээр дээрх асуудлыг эсэргүүцсэн тогтоолыг баталлаа. Ерөнхий Ассамблейн 193 гишүүний дунд явуулсан санал хураалт Украины Донецк, Луганск, Запорожье, Херсон мужуудыг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах талаарх хууль бус бүх нийтийн санал асуулгыг хэлэлцэхээр 10-р сарын 12-нд яаралтай хуралдсаны дараагаар болжээ. 

Санал хураалтын дүнгээр 143 улс орон Украины дөрвөн бүс нутгийг ОХУ хууль бусаар өөртөө нэгтгэснийг буруушаасан тогтоолыг батлахыг дэмжсэн бол ОХУ, Венесуэл, Ардчилсан Солонгос, Беларусь, Сири зэрэг 5 улс уг тогтоолыг батлахыг эсэргүүцсэн санал өгчээ. Харин БНХАУ, Энэтхэг, Монгол зэрэг 35 улс орон санал хураалтад түдгэлзсэн хариу өгсөн байна. Уг тогтоолд олон улсын харилцаанд аюул занал учруулж, хүч хэрэглэхээс татгалзах НҮБ-ын гишүүн орнуудын үүргийг онцолж, сүрдүүлэг, хүч хэрэглэсний үр дүнд эзэмшсэн газар нутгийг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг сануулжээ.

“Украины Донецк, Херсон, Луганск, Запорожье мужуудын зарим хэсэг түрэмгийллийн улмаас цэргийн түр хяналтад байгаа эсвэл байсан бөгөөд энэ нь Украины бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан явдал юм. Эзэлсэн газар нутгаа өөртөө нэгтгэх оролдлого хийсэн Оросын эрх баригчдын шийдвэр нь НҮБ-ын дүрмийн зарчимд нийцэхгүй байна” хэмээн уг баримт бичигт тэмдэглэсэн байна.