Дэлхийг сансрын биетээс хамгаалах НАСА-гийн анхны туршилт амжилттай болжээ

АНУ-ын Үндэсний сансар судлалын НАСА агентлаг аюул учруулж болзошгүй сансрын биетүүдээс дэлхийг хамгаалах анхны туршилт нь амжилттай болсныг мэдэгдлээ. “DART хэмээх сансрын хөлөг нь Дидимос солирын дагуул болох Диморф солирын тойрог замын чиглэлийг өөрчлөх үүргээ амжилттай гүйцэтгэжээ. НАСА-гийн эрдэмтэн судлаачид, DART хөлөг солирын чиглэлийг амжилттай өөрчилсөн болохыг баталлаа” гэж АНУ-ын сансар судлалын байгууллагын тэргүүн Билл Нельсон мягмар гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

НАСА-гийн судалгааны багийн сүүлийн хоёр долоо хоногийн мэдээлэлд хийсэн дүн шинжилгээгээр Диморф солирын тойрог зам 32 минутаар богиносож, Дидимос солиртой харьцуулахад байрлал нь ч мөн өөрчлөгдсөн байна. “Энэ бол хүн төрөлхтний хувьд өөрчлөлтийн үе юм” гэж Нельсон онцолсон байна.

DART хөлгийг 2021 оны 11-р сард Калифорни муж улс дахь АНУ-ын сансрын хүчний Ванденберг баазаас “SPACEX” компанийн “FALCON” зөөгч пуужингаар хөөргөжээ. Уг аппарат дэлхийгээс 11 сая гаруй км-ийн зайд орших Диморф солирыг өнгөрсөн 9-р сарын 27-нд мөргөсөн юм.

НАСА агентлаг дэлхийг солироос хамгаалах үйл ажиллагааг зохицуулах газрыг 2016 онд байгуулжээ. Тус байгууллага нь дэлхий орчмын сансар огторгуйн орон зайд манай гарагт аюул учруулж болзошгүй солир, сүүлт одыг хайж илрүүлж, хэмжээ, тойрог зам, химийн найрлагын нь талаар мэдээлэл цуглуулж байгаа юм байна.