Энэ жил түрээсийн орон сууцны үнэ байршлаасаа шалтгаалаад 25-45 хувиар өсжээ

Залуу гэр бүл болон өөрийн гэсэн байр сууцтай болж чадаагүй, эсвэл орон нутгаас ирж суурьшиж байгаа зарим иргэд түрээсийн байранд амьдрах нь элбэг. Тэгвэл түрээсийн байрны үнэ шинэ орон сууцны үнийн өсөлтийг даган нэмэгдсээр байна. Иргэдийн зүгээс үнийн өсөлтийг далимдуулж түрээсийн байрны үнийг шалтгаангүй нэмсээр байна гэж шүүмжилж байна.

Хөдөө орон нутгаас шилжин ирсэн иргэд болон залуу гэр бүлүүд мөн  орон нутгаас нийслэлд ирж суралцдаг оюутнууд байрны хүртээмж хангалтгүй байдгаас байр түрээслэх хэрэгцээ үүсдэг. Нийслэлд 255 мянган айлын орон сууц байдаг. Үүний 10 орчим хувь түрээсийн байр юм. Гэвч зах зээлд түрээсэлж байгаа орон сууцны нийлүүлэлт эрэлтээ хангадаггүй гэдгийг түрээслэгч иргэд хэлж байна. Энэ жил түрээсийн орон сууцны үнэ байршлаасаа шалтгаалаад 25-45 хувиар өсжээ. Тухайлбал, нэг өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 900.000 мянган төгрөгөөс 1.3 сая төгрөг байна. Тодруулбал, орон сууцны түрээсийн нэг метр квадратын дундаж үнийн өсөлт 2021 оны хоёрдугаар хагастай харьцуулбал: Баянгол дүүрэгт 45.8 хувь, Баянзүрх дүүрэгт 35.9 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 27.1 хувь, Сүхбаатар дүүрэгт 23.9 хувь, Хан-Уул дүүрэгт 23.7 хувь, Чингэлтэй дүүрэгт 37.5 хувиар тус тус өсжээ.

Түрээсийн нөхцөлийн хувьд түрээслүүлэгчид урт хугацаагаар түрээслэх сонирхолтой байдаг. Ингэхдээ хамгийн багадаа гурван сараас жилийн хугацаатай төлбөрөө авах, үүн дээр барьцаа нэг сарын төлбөр авах шаардлага тавьдаг бол түрээсэлж байгаа иргэд сар сард нь төлбөрөө төлөх нөхцөлийг илүү эрэлхийлдэг байна.

Мөн иргэдийн хувьд түрээсийн байрны үнийг тогтвортой байлгах үүднээс зохицуулалт хийдэг газар хэрэгтэй гэдгийг хэлж байна. Байрны түрээсийн үнэ нэмэгдсэнээр иргэдэд санхүүгийн дарамт үүсгэх нь гарцаагүй. Өндөр үнэтэй, чанаргүй түрээсийн байр олон байдаг ч үүнд хяналт тавьж, хариуцлага тооцдог газар байдаггүй иймээс түрээсийн байрны үнэ ханшийг төрийн байгууллага хянаж эхлэх хэрэгтэйг иргэд хэлсээр байна.