АНУ-ын ерөнхийлөгч “Их-20”-ийн бүлгийн уулзалтын үеэр Саудын Арабын угсаа залгамжлах ханхүүтэй уулзахгүй

Цагаан ордны тэргүүн Жо Байден ирэх сард Индонез улсад зохион байгуулагдах “Их-20”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Салмантай биечлэн уулзахгүй гэдгийг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан ням гарагт мэдэгджээ. Газрын тос экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК-ийг тэргүүлдэг Саудын Араб улсын эрх баригчид ирэх сараас эхлэн хоногт олборлох газрын тосны хэмжээг 2 сая торхоор бууруулах шийдвэр гаргаад байгаа юм. 

Уг шийдвэрийн улмаас АНУ, Саудын Арабын харилцаанд тодорхой сөрөг үр дагавар гарахыг Цагаан ордны тэргүүн хэдийн анхааруулаад байгаа юм. Харин ОПЕК-ийн удирдлагууд цар тахал болон Украины хямралын улмаас алдагдалд ороод байгаа газрын тосны салбарыг сэргээхийн тулд эдийн засгийн ач холбогдол бүхий шийдвэр гаргасан хэмээх тайлбарыг өгч байна.

Үнийн өсөлтийн дарамт, эрчим хүчний хямрал зэрэг олон асуудлуудтай нүүр тулж байгаа АНУ-ын иргэд ирэх 11-р сард завсрын сонгуульд саналаа өгнө. Тэгвэл ийм эгзэгтэй үед газрын тос олборлогч орнуудын байгууллага олборлолтоо бууруулж байгаа нь шатахууны үнийн өсөлтөд нөлөөлөх төлөвтэй байгаа бөгөөд Жо Байдены Ардчилсан нам ирэх завсрын сонгуульд ялалт байгуулахад сөргөөр нөлөөлнө гэж ажиглагчид үзэж байна.

Өнгөрсөн 7 хоногт Жо Байдены Засаг захиргаа газрын тос экспортлогч орнуудын байгууллагын даргалагч Саудын Араб улсаас газрын тосны олборлолтыг танах шийдвэрийг нэг сараар хойшлуулах хүсэлтийг илгээсэн ч татгалзсан хариу аваад байгаа юм.