ОХУ-ын цэргийн дайчилгаанд хамрагдсан цэргүүд гал нээсний улмаас 11 хүн амиа алджээ

Өнгөрсөн сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь цэргийн алба хааж байсан 300 мянган иргэнийг Украин руу илгээх тушаалд гарын үсэг зурж баталгаажуулсан юм. Тэгвэл Кремлийн тэргүүн цэргийн хэсэгчилсэн дайчилгааг ирэх сарын 10-н гэхэд зогсоох боломжтой талаар мэдээлсэн бөгөөд Украинд байлдах цэргийн тоо хэдийн гүйцсэн гэдгийг ч цохон тэмдэглэсэн байна.

Тэгвэл өнгөрсөн бямба гарагт Украинтай хил залгаа Белгород хотын цэргийн ангийн буудлагын талбайд буудалцаан болж дайчилгаанд хамрагдсан цэргүүд амиа алджээ.

Халдлага үйлдсэн этгээдүүд нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улсын иргэд байсан төдийгүй Украинд Оросын нэрийн өмнөөс байлдахаар дайчлагдсан иргэд байсныг Кремлийн талаас мэдээлсэн байна. Цэргүүд шашны үзэл баримтлалын зөрөлдөөнөөс үүдэн маргалдаж, халдлага үйлдэхэд хүрсэн гэж албаны эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн Оросын Батлан хамгаалах яам амиа алдсан хүмүүсийн тоог 11 хэмээн мэдээлсэн ч бодит байдал дээр үүнээс ч олон байж болзошгүй гэж тус хотын иргэд мэдээлж байгаа юм. Учир нь буун дуу 2 цаг орчим хугацаанд тасралтгүй дуугарснаас гадна шархадсан хүмүүсийг уг үйл явдлаас нэлээд хугацааны дараа эмнэлэгт хүргэж байгаа дүрс бичлэг цахим  сүлжээнд нийтлэгдсэн байна.

Украины ерөнхийлөгчийн зөвлөх энэ үйл явдалтай холбогдуулан халдлага үйлдсэн цэргүүд Тажикстан улсын иргэд байсан хэмээн "Telegram" хуудсандаа нийтэлсэн бөгөөд шашны болон үндэстэн, ястнууд хоорондын зөрчлийн улмаас халдлага үйлдэгдсэн гэж бичсэн байна.