Гэр бүл салалтын дараа 0-11 насны хүүхдэд тогтоосон тэтгэмжийн 50 хувийг олгодог

2021 оны байдлаар улсын хэмжээнд нийт 16.118 хос гэрлэлтээ батлуулсан бол 3391 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан байна. Гэрлэлтээ цуцлуулж, хамтын амьдралаа дуусгавар болгож байгаа тохиолдолд хүүхдийн эрх ашиг хамгийн ихээр хөндөгдөөд зогсохгүй хүүхдийн мөнгөн тэтгэмжийн асуудал багагүй чирэгдэл учруулдаг байна. Улсын хэмжээнд салсан гэр бүлийн дөнгөж 20-30 гаруй хувь нь л хүүхдийн тэтгэмжээ өгдөг байна.

Гэр бүлийн тухай хуульд насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдийг эцэг, эх нь тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан байдаг. Уг хуулийн дагуу хүүхдээ тэжээн тэтгэх мөнгөн хэмжээг эцэг, эх харилцан тохиролцож, гэрээ байгуулан төлж болно. Харин харилцан тохиролцож чадаагүй тохиолдолд шүүхэд хандан, хүүхдийн тэтгэмжийн хэмжээг тогтооно гэсэн заалттай. Ингэхдээ тухайн бүс нутгийн хүн амын амьжиргааны доод түвшин харгалздаг байна. Тухайлбал, 2022 онд Улаанбаатар хотын хэмжээнд хүн амын амьжиргааны доод түвшин 277.800 төгрөг байна.

Мөнгөн тэтгэмжийн хэмжээ ердөө 250,000 төгрөгийн хооронд л хэлбэлзэж байна. Гэтэл 0-11 насны хүүхдэд тухайн хүн амын амьжиргааны доод түвшин тогтоосон тэтгэврийн хэмжээний 50 хувийг л олгодог. Өөрөөр хэлбэл тухайн хүүхдэд ердөө 140.000 төгрөг л олгогдоно гэсэн үг. Үүнээс харвал салсны дараах хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжийн хэмжээ тухайн хүүхдийн наад захын хэрэгцээг ч хангаж чадахгүй байна. Үүнийг төлдөг, үүргээ гэж ухамсарладаг тэтгэлэг төлөгч ч ховор байна гэлээ.

Сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй бол 100.000 төгрөгөөр торгох, албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулдаг байна.

Салсны дараах хүүхдийн тэтгэлэг тогтоолгохдоо тэтгэмж өгөх үүрэгтэй эцэг, эхийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргана. Нэхэмжлэлийг гаргахдаа иргэний үнэмлэх, гэрлэлтийн баталгаа болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд сургуульд суралцдаг бол сургуулийн тодорхойлолт, ам бүл, ажил байдлын талаар хороо, багийн засаг даргын тодорхойлолт зэрэг бусад шаардлагатай баримтын хамт гаргаж өгдөг байна.