Монгол улсад “Кино урлагийг дэмжих тухай хууль” 2021 онд батлагдан энэ оноос хэрэгжиж эхлээд байна. Уг хуулийн хэрэгжилтийг хангахаар Кино урлагийг дэмжих сангаас 2022 онд санхүүжүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг 9-р сарын 21-ээс зарласан байна. Өнөөдрийн байдлаар уран бүтээлчид 10 гаруй уран бүтээлийн төсөл ирүүлжээ.
Кино, дуу дүрсний урлаг нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлд ордог. Кино урлагийг хөгжүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжих, уран бүтээлчдийг чадавхжуулж Монгол киног олон улсад таниулах зорилгоор кино урлагийг дэмжих сангаас 2022 онд санхүүжүүлэх төслийн нэгдүгээр ээлжийн сонгон шалгаруулалтыг зарлаад байгаа юм байна. Ингэхдээ эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр:
- Кино бүтээх,
- Монгол киног хадгалан сэргээн хөрвүүлэх,
- Олон улсын кино наадамд оролцох, эх орондоо зохион байгуулах,
- Уран бүтээлчдийг хөгжүүлэх, мэргэшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах гэсэн 4 төрөлд төсөл хүлээн авах юм байна.
Харин эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлд чөлөөт сэдвийн арилжааны кино бүтээл, кино үйлдвэрлэлд шаардлагатай техник, программ хангамж, инновац нэвтрүүлэх төсөл хамрагдах боломжтой юм байна. Төсөл хүлээн аваад 28 хоног өнгөрсөн ч өнөөдрийн байдлаар 10 гаруй төсөл системд бүртгэгджээ.
Кино бүтээх төсөлд 70 хүртэлх хувийн дэмжлэг үзүүлэх бөгөөд залуу кино найруулагчийн анхны болон хоёр дахь уран бүтээлд 80 хүртэлх хувийн дэмжлэг үзүүлэхээр журамд тусгажээ. Төрөөс кино урлагийг дэмжсэнээр зөвхөн кино урлаг дангаараа хөгжих бус дагаад үндэсний брендүүд олон улсад танигдахаас эхлээд улс орны эдийн засагт томоохон нөлөөтэй салбар гэж уран бүтээлчид үзэж байна.
Төслийг 10-р сарын 21-ны өдрийг дуустал хүлээн авах юм байна. Төсөл хүлээн авах хугацаа дууссанаас хойш Кино урлагийн зөвлөл 45 хоногт багтаан хуралдаж, хүсэлтийг хэлэлцэн, төсөл арга хэмжээг үнэлэн сонгон шалгаруулахаар төлөвлөжээ. Сонгон шалгаруулалтыг цаашид жилд 2 удаа зохион байгуулах юм байна.