АНУ-д өнгөрсөн даваа гаргаас эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн хуулийн дагуу жижиглэнгийн худалдаачид, эмийн сан эрхлэгчид хямд өртөгтэй сонсголын аппаратыг тусгай зөвшөөрөлгүйгээр иргэдэд худалдан борлуулах боломжтой болжээ. АНУ-ын хүнс эмийн чанарын хяналтын газраас сонсголын аппаратыг жороор буюу эмчийн зөвшөөрөлгүй худалдаалах зөвшөөрлийг олгосноор тус улсын олон сая иргэн эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулах мөнгөө хэмнэх боломжтой байна.
Түүнчлэн зөвхөн хүлээн зөвшөөрөгдсөн цөөн үйлдвэрлэгчийн өндөр өртөгтэй сонсголын аппаратыг худалдан авах шаардлагагүй болсон нь олон жилийн турш шүүмжлэл дагуулж байсан иргэдийн хүлээлтэд хүрсэн гэжээ. Гэхдээ хуулийн дагуу хөнгөн, дунд зэргийн сонсголын бэрхшээлтэй иргэд худалдан авалт хийх боломжтой байна.
Мэргэжлийн эмч нарын мэдээлж байгаагаар уг шийдвэр нь олон мянган иргэдийн цаг зав, мөнгийг хэмнэж, амьдралыг нь илүү хөнгөвчилнө гэж мэдээлж байна. Мөн амьжиргааны түвшнээс хамаарч сонсголын аппарат хэрэглэх шаардлагатай нэг иргэн жилд дунджаар 2800 ам.доллар хэмнэнэ гэж эрх баригчид нь мэдэгджээ. Түүнчлэн Өрсөлдөөний хуулийг уг салбарт хэрэгжүүлснээр технологийн компаниуд ийм төрлийн дэвшилтэт, хямд өртөгтэй төхөөрөмжүүдийг үйлдвэрлэх боломж бүрдэнэ гэж Жо Байден өнгөрсөн 8-р сард мэдээлж байсан байна.