Даваа гарагт ОХУ-ын зэвсэгт хүчин Иран улсад үйлдвэрлэсэн “Камиказе” нисгэгчгүй дрон ашиглан Украины Киев хотод цохилт өгсөн байна. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийн мэдээлснээр Киев, Днепр, Сумы мужуудад чухал дэд бүтэц эвдэрч сүйдэн, олон мянган иргэн цахилгаангүй болсон талаар мэдээлжээ.
Долоо хоногийн өмнө ОХУ-ын зэвсэгт хүчин Украины нийслэл Киев хотод пуужингийн цохилт өгснөөс үүдэн 10 гаруй хүн амиа алдаж, 50 орчим хүн гэмтэж бэртсэн байна. Өнгөрсөн даваа гарагт Оросын талаас дахин нэг удаа Иран улсад үйлдвэрлэсэн “Камиказе” дроноор халдлага үйлджээ. Киев хотын захирагч Виталий Кличкогийн мэдээлснээр орон нутгийн цагаар даваа гаргийн өглөөний 6 цагийн орчимд Оросын 5 орчим дрон орон нутгийн дэд бүтцийн байгууламжуудыг оносон төдийгүй гурван хүн амиа алдаж, 10 гаруй хүн шархадсан байна.
Украины эрчим хүчний дэд бүтцүүдийг устгах үйл ажиллагаанд Иранд үйлдвэрлэсэн дрон зэвсгүүдийг Оросын тал ашиглаж байгааг Ерөнхийлөгч Володимир Зеленський өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсан. Харин Тегераны эрх баригчид ОХУ-ын зэвсэгт хүчинд дрон нийлүүлснээ үгүйсгэсээр байгаа юм. Тэгвэл тус халдлагатай холбогдуулан Европын холбоо Иран улсын эсрэг хэрэгжүүлж байгаа хориг арга хэмжээг чангатгах асуудлаар хуралдана гэдгээ мэдэгдсэн байна.
Өнгөрсөн ням гарагт ОХУ-ын Белгород хот руу Украины зэвсэгт хүчин АНУ-ын “Himars” артиллерийн пуужингийн зэвсгээр цохилт өгсөн бөгөөд үүний хариу арга хэмжээ болгож ОХУ-ын тал даваа гарагт дроноор халдлага үйлдсэн гэж ажиглагчид үзэж байна.
Ану-ын Пентагоны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр ирэх сарын 15 гэхэд агаарын довтолгооноос хамгаалах системийг Киевийн талд хүлээлгэн өгөх товтой байгааг мэдээлжээ.