Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийлэлд Монгол улсын хоёр хүн тутмын нэг нь өртдөг гэдгийг Монгол улсын Хүний эрхийн үндэсний комисс хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21-р илтгэлдээ дурджээ. Тэгвэл төрийн байгууллагад ажиллагсдын 92.4 хувь нь, хувийн хэвшил ажиллагсдын 88.4 хувь нь гомдол гаргадаггүй байна.
Үндсэн хуульд хүний нэр төр, алдар хүндэд халдахгүй, эрхэм байх ёстой гэсэн зохицуулалт байдаг ч тухайлан заагаагүй. Тухайлбал, үг хэлээр доромжлох, загнах нь зөрчил гэж тусгаагүй учраас ажилтнууд гомдол гаргадаггүй, уг асуудлыг шийдвэрлэдэггүй байна. Энэ нь хүний эрхийн үндэсний комиссоос үндэсний хэмжээнд явуулсан судалгааны дүн харуулж байна
Харин хэлбэрийн хувьд ажлын байранд эдийн засгийн болон бусад дарамтаас илүү үг хэлээр доромжлох, загнах нь түгээмэл байдгийг судалгаанд хамрагдсан иргэд хэлж байна. Энэ төрлийн хүчирхийлэлд өртдөг тухай судалгаанд оролцогчдын 40 хувь нь “тийм” гэж хариулсан байна. Харин иргэдийн хувьд ажлын байрны дарамтад орсон тохиолдолд хаана хэнд хандаж, хэрхэн шийдвэрлүүлэх талаар өөр өөрөөр хариулж байна.
Харин Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын мэдээлснээр ажлын байранд удирдах албан тушаалтнууд хүчирхийлэгч байх нь нийтлэг гэдгийг хэлж байна. Ялангуяа эмэгтэйчүүд ажилтнуудаа хамгийн их дарамт учруулж хүчирхийлэл үйлддэг болохыг судалгаа харуулсан гэлээ.