Дэлхийн хамгийн хүчирхэг намын тогтолцоог бүрдүүлсэн гэгдэх БНХАУ-ын коммунист намын 20-р их хурал энэ сарын 16-нд эхэлсэн юм. Ойролцоогоор 7 хоног үргэлжилдэг намын хурал нь хаалттай хэлбэрээр явагддаг төдийгүй тус хурлаар шийдвэрлэсэн асуудлууд болон хурлын явцад яригдсан цаашид хэрэгжүүлэх бодлогын талаар нийтэд мэдээлэл өгөхөөс татгалздаг уламжлалтай. Харин олон улсын судлаач, шинжээчдийн мэдээлж байгаагаар Ши Жиньпин гурав дахь удаагаа Хятадын удирдагчаар сонгогдох төлөвтэй байгаа бол төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян тэргүүтэй бусад төрийн өндөр дээд албан тушаалтнууд солигдох нь гарцаагүй гэж мэдээлж байна.
Өнгөрөгч ням гарагт эхэлсэн Хятадын Коммунист намын 20-р их хурлыг нээж үг хэлэхдээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин үндэсний аюулгүй байдалд анхаарлаа хандуулах талаар болон тус улсын хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлээ дахин дурдахын сацуу, “Ковид 19”-ийн халдварын эсрэг хэрэгжүүлж байгаа “Тэг ковид” бодлого нь үр дүнтэй байгааг цохон тэмдэглэсэн юм.
Хурлын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Ковид-19”-ийн халдварын шинээр илрэх тохиолдлын тоог “тэглэх” бодлогыг амжилттай хэрэгжиж байгаа гэж мэдэгдсэний дараа өнгөрсөн даваа гарагт төмрийн хүдрийн үнэ хурдацтай унажээ. Сингапурын биржийн арилжааны үеэр төмрийн хүдрийн гэрээний үнэ 2.4 хувиар буурч, нэг тонн нь 91 ам.доллар болсон байна. Хятадын Коммунист намын 20-р их хурлын үеэр Ши Жиньпин “тус улсын эрх баригчид “Ковид-19”-ийн тархалтыг хязгаарлах хатуу бодлогоо үргэлжлүүлнэ” гэдгийг тодорхой ойлгуулжээ.
Хятадын удирдагч тус улсын эдийн засагт ихээхэн нөлөөлсөн цар тахалтай тэмцэх хатуу арга хэмжээг энэ жил сулруулах талаар үг цухуйлгана гэж зах зээлийн гол тоглогчид хүлээж байсан талаар “Bloomberg” агентлаг дурджээ. Вирусийн тархалтыг зогсоох илүү зөөлөн бодлого нь түүхий эдийн зах зээлийн хувьд аврал байж болох юм гэж олон улсын шинжээчид үзэж байгаа юм байна.
Үүний зэрэгцээ Хятадын удирдагч эдийн засгийн хөгжил нь хамгийн чухал, тэргүүлэх чиглэл хэвээр байна гэж хэлсэн нь эдийн засгийн байдал улам дордвол ирэх онд зарим арга хэмжээг сулруулна гэсэн найдлагыг төрүүлж байна гэж мэдээлжээ.
Үүнээс гадна Хятад Тайванийн асуудалд Хятадын дарга Ши Жиньпин гадаадын хөндлөнгийн оролцоог үл тэвчинэ хэмээн мэдэгдсэн бөгөөд шаардлагатай тохиолдолд хүч хэрэглэхийг үгүйсгээгүй юм. Энэ нь олон улсын геополитикийн нөхцөл байдал Дэлхийн 2-р дайнаас хойших хамгийн хүнд үедээ ирээд байгааг ажиглагчид онцолж байна. Гэхдээ Ши Жиньпиний ирэх 5 жилийн засаглалын хугацаанд Хятад улсад одоогийнхоос дорвитой өөрчлөлт гарахгүй бөгөөд эдийн засгийн хувьд удаашралтай байдал нь ирэх он дамнан үргэлжилсээр байвал иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй нүүр тулж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна. Үндэсний аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих нь Ши Жиньпиний гол зорилго бол иргэдийнх хувьд эдийн засгийн тогтвортой байдал нь түлхүүр асуудал байна гэж барууны хэвлэлүүд үзсэн байна.