Манай улс энэ онд нийт 520 га талбайд тариалалт хийсэн. Үүнээс улаанбуудай 400 га талбайд тариалсан байна. Өнгөрсөн жил нэг тонн буудайг 700 мянган төгрөгөөр гурилын үйлдвэрт худалдаалдаг байсан бол энэ жил 1 тонн улаанбуудайг нэг сая төгрөгөөр худалдаалахаар болсон гэдгийг Монголын тариаланчдын нэгдсэн холбоо мэдээлээд байгаа. Харин тариалан эрхлэгчид хямд үнээр улаанбуйдааг нийлүүлэх боломжтой гэдгийг Хөдөө аж ахуйн яамнаас мэдээлж байгаа юм. Учир нь тариалан эрхлэгчдийг олон хэлбэрээр дэмждэг. Жишээ нь тариалан эрхлэх зориулалтаар импортоор орж ирж байгаа техник тоног төхөөрөмж болон бордоо ургамал хамгаалах бодисыг НӨАТ-аас чөлөөлсөн байна. Мөн тариалан эрхлэгчдийн орлогын албан татварыг 50 хувиар хөнгөлсөн байна. Хамгийн том дэмжлэг нь 3 хувийн зээлийг энэ онд гэхэд 100 тэрбум төгрөгийг олгож байгаа юм. Мөн улаанбуудайг тариалсан иргэдэд урамшууллын мөнгө өгсөөр байна.
Төрөөс гурилын үнийг тогтворжуулж нөөцийг бүрдүүлж байхаар олон ажил хийдэг ч улаанбуудайн үнэ өсөж улмаар гурилан бүтэгдэхүүний үнэ өсөхөөр болсныг үйлдвэрлэгчид хэлсээр байна.
2021 онд гэхэд 95000 тонн улаанбуудай илүү гарч өнөөдрийг хүртэл борлогдоогүй нөөцөд үлдсэн. Харин улаанбуудайг зориулалтын агуулахад, стандартын дагуу хадгалахад 5 жил хадгалах боломжтой бүтээгдэхүүн учир манай улсад нөөц хангалттай байгаа гэсэн үг юм.