Франц улсад инфляцийн өсөлтийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал үргэлжилж байна

Өнгөрсөн лхагва гарагт Франц улсад Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл болон олон мянган иргэд гудамжинд жагсаж, тус улсын инфляцийн өсөлтийг бууруулах, цалингийн хэмжээг нэмэгдүүлэхийг Засгийн газраасаа шаардсан байна. Эсэргүүцлийн жагсаалаас үүдэн Үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүд нь ажил хаялт зарласны улмаас Франц улс даяар хойд, төв болон Парисын бүс нутгуудад аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож эхэлснийг Франц улсын эрх баригчид мэдээлжээ.

Гурван долоо хоног орчим үргэлжилж байгаа ажил хаялт Франц улсын шатахуун түгээх станцуудын 30 орчим хувьд нөлөөлж, эдийн засгийн бүх салбарыг хамарч байна. Тус улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон өнгөрсөн мягмар гарагт “Бид чадах бүхнээ хийх болно. Хямралыг аль болох хурдан шийдвэрлэнэ гэж найдаж байна” гэж мэдээлсэн.   

Төмөр замын болон бусад тээврийн салбарын ажилчид, ачааны болон автобусны компаниуд, зарим ахлах сургуулийн багш нар, улсын эмнэлгийн ажилтнууд газрын тосны ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос цалингаа нэмэгдүүлэхийг Засгийн газраасаа шаардаж байна. Мөн үнийн өсөлт сүүлийн хэдэн сарын турш иргэдийн орлогод дарамт учруулж, хэвийн амьдралаа үргэлжлүүлэхэд саад тотгор болж байгааг Францын Үйлдвэрчний эвлэлээс цохон тэмдэглэжээ.

Аж ахуйн нэгж болон томоохон корпорациуд иргэдийн цалин хөлсийг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаа талаараа мэдээлсэн төдийгүй үнийн өсөлт нь удирдах түвшинд хүртэл дарамт учруулж байгаа гэж мэдээлсэн байна. Дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд хямрал үүсээд байгаа нь бүтээгдэхүүний гарц, хувийн болон төрийн байгууллагуудын бүтээмжид нөлөөлж байгаа нь үнийн өсөлтөд нөлөөлж байна. Нөгөө талдаа цалин хөлсөө нэмэгдүүлэх боломжгүй бөгөөд одоогийн нөхцөл байдалд Францын аж ахуйн нэгж, байгууллагууд бүсээ чангалахаас өөр аргагүйд хүрээд байгаа байна.

Түүнчлэн Украины дайн эрчим хүчний салбарын уналтад нөлөөлж газрын тос байгалийн хийн бүтээгдэхүүний үнэ өссөнөөр инфляцид нөлөөлж байгаа нь цаашид санхүүгийн илүү сахилга баттай байх нь хямралыг даван гарахад эерэгээр нөлөөлнө гэж Францын аж ахуйн нэгжүүд иргэдийн төлөөлөлд хариу мэдэгджээ.