Лхагва гарагт АНУ-ын эрх баригчид Герман болон Арабын Нэгдсэн Эмират улсад үйл ажиллагаа явуулдаг Оросын 2 компанид хориг тавьж байгаа талаар мэдээлсэн байна. Хоригийн жагсаалтад Юрий Орехов болон түүний эзэмшлийн компаниуд болох “Норд Дойчэ”, “Опюс Энержи” компанийг нэмсэн байна.
Хориг арга хэмжээний жагсаалтад оруулна гэдэг нь тус аж ахуйн нэгж болон иргэний АНУ дахь хөрөнгийг битүүмжилж, Америкийн иргэд болон компаниудтай бизнес хийхийг хориглох явдал юм.
"Хууль зүйн яам, Холбооны мөрдөх товчоо, Сангийн яамны гадаад хөрөнгийн хяналтын албатай хамтран Америкийн үйлдвэрлэгчдээс цэргийн болон үндэсний аюулгүй байдалд аюул учруулах давхар зориулалттай технологийг худалдан авах, ОХУ-ын эцсийн хэрэглэгчдэд хүргэх чиглэлээр ажиллаж байсан Оросын сүлжээнд хориг тавьж байна" гэж АНУ-ын Сангийн яамны цахим хуудаст нийтэлсэн байна.
Лхагва гарагт АНУ-ын эрх баригчид мөн ОХУ-ын 5 иргэн, Венесуэлийн газрын тосны хоёр аж ахуйн нэгжийг хориг арга хэмжээг зөрчсөн, мөнгө угаасан хэргээр буруутгасан байна. Тэднийг “АНУ-ын цэргийн технологи болон хоригт өртсөн Венесуэлийн газрын тосыг хууль бусаар олж авах төлөвлөгөөнд оролцсон" гэж үзсэн байна.