Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд уламжлагч ховордож байна

Монгол улсын хэмжээнд Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн 102 иргэн байна. Эдгээр иргэдийн дийлэнх нь ахмад настан байна. Манай улсад 2019 оны байдлаар 279 өвийг төлөөллийн жагсаалтад, 83 өвийг яаралтай хамгаалах шаардлагатай өвийн жагсаалтад бүртгэжээ. Харин 11 мянга гаруй өвлөн уламжлагч бүртгэгдсэнээс 100 гаруй нь ур чадварын өндөр түвшинд өвлөн уламжлагч байна гэх тоон мэдээлэл гарчээ. Эдгээр иргэдийн дийлэнх нь ахмад настан байна. Соёлын биет бус өв нь өвлөн уламжлагчгүйгээр удаан оршин тогтнох боломжгүй. Тиймээс залуучууд өөрсдийн санаачлагаар ахмад өвлөн уламжлагчдаас суралцахгүй бол ур чадварын өндөр түвшинд уламжлагч ховордож байгааг өвлөн уламжлагчдын төлөөлөл хэлж байна. 

Соёлын биет бус өвүүд, тухайн өвийг уламжлагчийг хамгаалах нь үндэстний хэмжээний асуудал юм. Соёлын биет бус өв өөрөө улс үндэстний уламжлалт түүх, соёлыг тээж байдаг чухал өв гэж мэргэжилтнүүд үздэг. Иймд Соёлын яам үйл ажиллагааны хүрээнд өвлөн уламжлагчдыг бүртгэх, баримтжуулах, нээж илрүүлэх чиглэлээр орон нутагт судалгааны баг ажиллуулж байна.