Өргөн хэрэглээний барааны үнэ дунджаар 50 орчим хувиар нэмэгдсэн байна. Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх тусам иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт буурсаар байна. Иргэд төдийгүй худалдаа наймаа эрхлэгчид ч зээлээс зээлийн хооронд бараа бүтээгдэхүүнээ борлуулахаас өөр аргагүй байдалд орж байна.
Иргэдийн өдөр тутмын хэрэглээний гол хүнсний бүтээгдэхүүн болох талх, мах, гурилын үнэ энэ он гарсаар тус бүр 50 хүртэл хувиар нэмэгдсэн байна. Чингэлтэй дүүрэгт байрлах 8 нэрийн хүнсний дэлгүүр ойр орчмынхоо 400 гаруй өрхөд үйлчилдэг. Гэвч тэдгээр айлуудын дийлэнх нь өр, зээлээр амьжиргаагаа залгуулж байна. Тус дэлгүүр талх, гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхээс өмнө өдөрт дунджаар 30-40 талх худалдаалдаг байсан бол одоо өдөртөө 10 талх ч зарагдахгүй байдалд хүрчээ.
Зарим иргэдийн хувьд авч буй цалин нь хоол хүнсээ авахад ч хүрэлцдэггүй. Ажлын хөлс нь хаанаа ч хүрэхгүй байхад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх тусам тэдний худалдан авах чадвар муудсаар байгааг иргэд хэлж байна.
Цаашид ч хэрэглээний барааны бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх хандлагатай байгаа юм. Энэ нь зөвхөн манай улсад ч биш дэлхийн даяар нүүрлээд байгаа цар тахлын дараах нөхцөл байдалтай холбоотой гэж үзэж байна. Ирэх 2023 онд эдийн засгийн байдал улам дордох хүлээлттэй байгааг олон улсын эдийн засагчид хэлж байна.