Өнгөрсөн 9-р сард Япон улсын хэрэглээний үнийн индекс буюу инфляцийн түвшин сүүлийн найман жилийн хугацаан дах дээд үзүүлэлт болох 3 хувьд хүрлээ гэж тус улсын Төв банкны удирдлагууд мэдээллээ. Мөн Японы иений ханш сүүлийн 32 жилийн хамгийн доод үзүүлэлтэд хүрсэн нь импортын зардлыг нэмэгдүүлж байгаа төдийгүй тус улсын Төв банк мөнгөний сул бодлогоо цааш хэрэгжүүлэхэд саад учруулж байна гэжээ.
Японы Төв банк сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд мөнгөний бодлогын хүүгээ хэт бага түвшинд барьж ирсэн нь одоо эргээд иений ханшийн уналтад нөлөөлж байгааг эдийн засагчид мэдээлж байна. Дэлхийн үйлдвэрлэлийн салбарын томоохон тоглогч Япон улсын инфляцийн өсөлтөд шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлсөн байна.
Түүнчлэн өнгөрсөн 4-р сарын 1-нд эхэлсэн 2022 оны санхүүгийн жилийн эхний хагаст Япон улс 11 их наяд иен буюу 73.37 тэрбум америк долларын худалдааны алдагдал хүлээсэн нь 1979 оноос ийм статистик мэдээлэл хөтөлж эхэлснээс хойших хамгийн муу үзүүлэлт болжээ. Японы сангийн яамнаас нийтэлсэн мэдээллээр, тус улсын импортын хэмжээ мөн хугацаанд 44.5 хувиар өсөж, 60.58 их наяд иен буюу 405 тэрбум америк доллар болсон бол мөн хугацаанд экспорт ердөө 19 хувиар нэмэгдэж, 49 их наяд иенд 330 тэрбум америк долларт хүрсэн байна. Худалдааны алдагдлын дээд үзүүлэлт өмнө нь 2013 оны санхүүгийн жилийн хоёрдугаар хагаст бүртгэгдэж байжээ. Тухайн үед 8 их наяд иенийн худалдааны алдагдалтай гарч байсан гэжээ. Худалдааны алдагдал нэмэгдсэн нь Япон улс бүрэн хэмжээгээр импортлохоос аргагүйд хүрсэн эрчим хүчний эх үүсвэрийн үнэ нэмэгдсэн, мөн үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш 32 жилийн доод түвшинд хүрч огцом суларсантай холбоотой юм байна.