Европын холбооны удирдлагууд эрчим хүчний хямралыг шийдвэрлэх тохиролцоонд хүрсэн гэв

Европын холбооны гишүүн 27 улсын удирдагчид эрчим хүчний хямралтай тэмцэх арга хэмжээний талаар тохиролцоонд хүрлээ гэж Европын зөвлөлийн дарга Шарль Мишель өнгөрсөн пүрэв гарагт мэдэгджээ. Тэрээр Европын холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр эрчим хүчний асуудлаар зөвшилцөлд хүрсэн гэж твиттер хуудастаа бичсэн байна.

Европын холбооны төр, засгийн тэргүүн нарын хоёр өдрийн дээд хэмжээний уулзалт пүрэв гарагт Брюссельд эхэлжээ. Уг уулзалтын үеэр Европын холбооны орнуудад үүсээд байгаа эрчим хүчний хямралыг хэлэлцэж байгаа юм.

Дээд хэмжээний уулзалтын үеэр Европын комиссоос санал болгосон эрчим хүчний хямралтай тэмцэх шинэ багц арга хэмжээг баталж чадаагүй боловч үүн дээр ажиллах “стратегийн заавар” өгсөн гэж уулзалтын дараа гаргасан мэдэгдэлд дурджээ. Уулзалтын өмнө Европын зөвлөлийн дарга Шарль Мишель мэдэгдэхдээ, Европын холбооны 27 улсын удирдагчид эрчим хүчний эх үүсвэрийн үнийг бууруулах яаралтай арга хэмжээ авах ёстой гэжээ. Энэ зорилгоор Европын комиссоос 10-р сарын 18-нд санал болгосон шинэ багц арга хэмжээг хэлэлцсэн байна. Уг багц арга хэмжээнд байгалийн хийн динамик үнэ зохиох, Европын бүх оронд хөх түлш худалдан авах зэргийг тусгажээ. Европын комисс мөн Европын холбооны орнуудад 2023 оны 3-р сар хүртэл байгалийн хийн хэрэглээгээ 15 хувиар бууруулахыг санал болгосон юм. Энэ удаагийн уулзалтаар мөн Украины мөргөлдөөнийг бүхэлд нь, тэр дундаа өвлөөс өмнө Киевт санхүүгийн болон цэргийн тусламж үзүүлэх талаар хэлэлцжээ. Түүнчлэн Украины мөргөлдөөнд Иран улс ОХУ-д дэмжлэг үзүүлж байгаа асуудлыг хэлэлцсэн байна. Шарль Мишелийн хэлснээр, дээд хэмжээний уулзалтын үеэр Украинд ашиглах нисгэгчгүй онгоцыг Москвад нийлүүлснийх нь төлөө Тегранд авах хориг арга хэмжээг өнгөрөгч баасан гарагт батлахаар болсон байна. Эцэст нь Европын холбооны орнуудын удирдагчид Хятадтай хийх харилцааны талаар стратегийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.