БНХАУ-ын Коммунист намын 20-р их хурал өнгөрсөн ням гарагт улс төрийн товчооны байнгын хорооны гурван шинэ гишүүнийг танилцуулан албан ёсоор өндөрлөлөө. Тус их хурлаар Ши Жиньпин гурав дахь удаагаа намын Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсоноор ирэх таван жилд дахин БНХАУ-ын төрийн өндөр дээд албан тушаалыг хашихаар болсон байна.
Ши Жиньпинтэй ирэх таван жилд хамтран ажиллах Ли Цян 2017 оноос хойш Хятадын хамгийн том хот, санхүүгийн төв болох Шанхай хотын Намын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүдийг танилцуулах үеэр тэрээр Xi удирдагчийн дараа 2-т тайзнаа гарч ирсэн нь ирээдүйн Ерөнхий сайдаар ажиллах хүн гэдгийг илтгэж байна гэж ажиглагчид үзэж байна. 63 настай Ли Цян нь экспортын аж үйлдвэрлэлийн төв болох Зүүн Өмнөд нутгийн Жэжян мужийг удирдах үеэс Ши Жиньпинтэй ойр дотно болсон гэж үздэг байна.
Хятадын улс төрийн товчооны байнгын хорооны өөр нэг шинэ гишүүн нь Жао Лэжи бөгөөд 2017 оноос хойш авлига болон албан тушаалын гэмт хэргийг шалгах Сахилгын хяналтын төв хороог удирдаж байгаа. Одоо Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын даргаар ажиллана гэж ажиглагчид үзэж байна. 65 настай Жао Лэжи Бээжинд шилжиж ирэхээсээ өмнө Шаньси хотын Намын хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд түүнээс өмнө өөрийн төрж өссөн Чинхай мужид Намын нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Түүнийг мөн Ши Жиньпинийг Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах хязгаарыг цуцалж, хугацаагүйгээр сонгогдоход нь тусалсан гэж үздэг байна.
Тэгвэл 3 дахь шинэ гишүүн нь 62 настай Ван Хунин бөгөөд үе үеийн Намын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын зөвлөхөөр ажиллаж байсан төдийгүй намын үзэл суртлыг голчлон хариуцаж байжээ. Гэхдээ тэрбээр мужийн захирагч, намын дарга, салбарын сайдаар ажиллаж байсан туршлага байхгүйг ажиглагчид онцолсон байна. 2017 оноос хойш тэрбээр Ши Жиньпин-ийн бодлогыг хэрэгжүүлэхэд тусалдаг шинэчлэлийг иж бүрэн гүнзгийрүүлэх төвийн захирлаар ажиллаж байгаа байна.