Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор нүүрс тээвэрлэлтийн зардал 3-4 дахин буурна

Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор нүүрс тээвэрлэлтийн зардал 3-4 дахин буурна гэж албаныхан үзэж байна. Гэвч өргөн царигаар барьсан Монголын талын төмөр зам  БНХАУ-ын төмөр замын нарийн царигтай таарахгүй тул шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа юм. Өчигдөр УИХ-ын даргад төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах баримт бичгийг өргөн барьжээ.

Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан байна. Үүнд ачаа тээврийн зориулалттай төмөр зам нь импортлогч оронд тавигдсан төмөр замын царигтай тохирох зэрэг заалтууд орж байна.

Төмөр замын бүтцийг дагасан хот, суурин, боловсруулах үйлдвэрүүд бий болох, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх боломж бүрдэн ажлын байр шинээр нэмэгдэж, хүн амын амьжиргааны түвшин дээшилж, амьдрах орчин, нөхцөл сайжирснаар төв рүү чиглэсэн хүн амын нүүдэл саарна гэж үзэж байгаа юм.