“Ковид-19”-ийн халдвар хүний насан туршийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц үлдэц бий болгож байна. Вакцин хийлгээгүй, эсвэл 3, 4 дэх тунг хийлгээгүй хүмүүст уг вирусийн үлдэц илүү өндөр хувьтай илэрчээ. Харин вакцинаас болж даралт ихсэх болон бусад гаж нөлөө хүний биед гарах үндэслэл байхгүй гэж Эрүүл мэндийн сайдын зөвлөх хэлж байна.
Манай улсад хэрэгжиж байгаа эрт илрүүлэг, үзлэг оношилгоогоор иргэдэд уушгины сорвижилт өндөр гарсан байна. Энэ нь “Ковид-19”-ийн халдварын үлдцээс шалтгаалсан байх магадлалтай гэж мэргэжилтнүүд мэдээллээ.
Хүйтний улирал эхэлж байгаатай холбоотой томуу, томуу төст өвчний вирусийн халдвар их байна. Нийт зонхилж байгаа вирус нь“Ковид-19”-ийн халдварын үүсгэгчтэй гарал нэгтэй байна. Тиймээс дэлхийн томоохон үйлдвэрлэгчид томуу болон “Ковид-19”-ийн халдварын эсрэг хавсарсан вакцины туршилтыг эхлүүлсэн байна.
ДЭМБ-аас бүртгэсэн “Ковид-19”-ийн эсрэг вакцин нь клиникийн бүх шалгуурыг хангасан. Олон улсад болон дотоодод хийж байгаа судалгаанд вакцин хийснээс болоод хүний биед сөрөг нөлөө өгөөгүй. “Ковид-19”-ийн халдвараас хүн амыг хамгаалах, тархалтын зогсоох, хүндрэл, нас баралтыг бууруулах хамгийн үр дүнтэй арга бол вакцинжуулалт гэсэн юм.