Ши Жиньпин Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргаар хоёр дахиа улиран сонгогдсоны дараа АНУ-д арилжаалагддаг Хятадын үндэстэн дамнасан томоохон аж ахуй нэгжүүдийн хувьцааны ханш унаж эхэлжээ. Тэрээр БНХАУ-ын даргын албан тушаалд гурав дахиа сонгогдсон анхны удирдагч болсон юм.
Зах зээлийн шинэчлэл, хувийн аж ахуйг хөгжүүлэхийг дэмжигч, либерал үзэл баримтлалыг дэмжигч БНХАУ-ын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяныг энэ удаагийн хурлаар төв хорооны бүрэлдэхүүнд багтаагаагүй юм. Энэ мэдээ Хятадын эдийн засгийн өсөлтийг саарахад хүргэсэн “Тэг ковид” бодлого үргэлжилсээр байх нь гэсэн болгоомжлолыг хөрөнгө оруулагчдад төрүүлжээ. Үүнээс гадна, технологийн компаниудад тавих хяналтыг цаашид улам чангатгах эсэх талаар зах зээлд тодорхойгүй байдал хэвээр байна гэж гадны хэвлэлүүд бичиж байна. Үнэт цаас нь АНУ-д хамгийн идэвхтэй арилжаалагддаг Хятадын компаниудын тоонд цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Нио инк” компани ордог. Даваа гарагт тус компанийн хувьцаа 17.9 хувиар унасан нь 2019 оны 9-р сарын 24-ний өдрөөс хойш хамгийн их хувиар буурсан үзүүлэлт болсон байна. Мөн цахим худалдааны аварга компани болох “Аlibaba group”-ийн хувьцаа 14.5 хувиар буурч, 2016 оны 2-р сараас хойших хамгийн доод түвшинд хүрсэн бол “Тенсент групп”-ийн хувьцаа 8.1 хувь, “Baidu” компанийнх 14.8 хувиар унажээ.
Тэгвэл БНХАУ-ын Үндэсний статистикийн газраас даваа гарагт гаргасан тоо баримтаас үзвэл энэ оны эхний гурван улиралд тус улсын ДНБ-ий хэмжээ 87 их наяд юаньд хүрч өнгөрсөн оны мөн үеэс гурван хувиар өссөн ч гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлж чадахгүй байна гэж ажиглагчид үзсэн байна.
Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын үл хөдлөхийн салбарын томоохон аж ахуйн нэгжүүд ээлж дараалан дампуурлаа зарласнаар тус улсад оруулж байгаа гадны шууд хөрөнгө оруулалтын хэмжээ огцом буураад байсан юм. Тэгвэл Ши Жиньпин улиран сонгогдсоноор дахин нэг удаа хөрөнгө оруулагчид Хятадын улс төрийн нөхцөл байдал, гаргаж болох шийдвэрийг анхааралтай ажиглаж байгааг “Ройтерс” агентлаг цохон тэмдэглэжээ.