АНУ, ОХУ-ын батлан хамгаалахын сайд нар сүүлийн дөрвөн хоногийн хугацаанд хоёр удаа утсаар ярилцжээ

Энэ сарын 23, 24-ний өдрүүдэд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу АНУ тэргүүтэй НАТО-ийн гишүүн дөрвөн улсын Батлан хамгаалахын сайд нартай ээлж дараалан утсаар ярилцлаа гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр мэдэгдсэн байна. Талууд Украины дайны нөхцөл байдал, цөмийн зэвсгийн заналхийллийн асуудлаар харилцан санал солилцсон тухай Дмитрий Песков цохон тэмдэглэжээ.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу АНУ тэргүүтэй НАТО-ийн гишүүн дөрвөн улсын Батлан хамгаалахын сайд нартай утсаар холбогдож Украины дайны нөхцөл байдал, цөмийн аюул, заналхийллийн асуудлаар санал солилцжээ.

Сергей Шойгу эдгээр улсын Батлан хамгаалахын сайд нартай утсаар ярих үеэрээ “Украины тал бохир бөмбөг хэрэглэж, үүний бурууг Оросын талд хүлээлгэхээр зэхэж байгаа” хэмээн мэдэгдсэн байна. Мэргэжилтнүүдийн тайлбарлаж байгаагаар “Бохир бөмбөг” гэдэг нь цацраг идэвхт бодисоор агаарын урсгалыг бохирдуулж, байг хордуулах зориулалттай цөмийн бус зэвсэг байна.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд энэ талаар АНУ, Их Британи, Франц, Туркийн Батлан хамгаалахын сайд нарт мэдээлсэн төдийгүй хэрэв Украины тал энэ төрлийн зэвсэг хэрэглэсэн тохиолдол Москвагийн зүгээс цөмийн хариу цохилт өгөхөөс өөр аргагүй гэдгийг цохон тэмдэглэжээ.

Харин НАТО-ийн дөрвөн улсын Батлан хамгаалахын сайд нарын хамтарсан мэдэгдэлд өгүүлснээр “Бид Украины эрх баригчид өөрийн улсын газар нутагт бохир бөмбөг хэрэглэх гэж байгаа талаар Оросын талын худал мэдэгдлийг эрс няцааж байна. Одоогийн Украины нөхцөл байдал тэдний хүссэнээс өөр үр дүнд хүрж байгаа нь сөргөлдөөнийг улам гүнзгийрүүлэх арга замыг эрэлхийлж байна гэж бид үзэж байна” хэмээн онцолсон байна.

Тэгвэл өнөөдрийн байдлаар ОХУ-ын зэвсэгт хүчин Украины Херсон мужид цэргийн хүчээ төвлөрүүлж байгаа талаар Өрнөдийн хэвлэлүүд мэдээлж байгаа төдийгүй Украины талын ширүүн сөрөг довтолгоотой нүүр тулахад бэлдэж байна гэсэн юм. Мөн ОХУ-ын хууль бусаар өөртөө нэгтгэсэн Украины дөрвөн бүс мужийн нэг болох Херсонийг Украины арми бүхэлд нь хяналтдаа авах оролдлого хийсэн тохиолдолд цөмийн зэвсэг ашиглах боломжтойг Кремлийн тэргүүн Владимир Путин анхааруулаад байгаа юм.