Эрдэс баялгийн хэтийн төлөвийг тодорхойлдог геологийн салбар өнөөдөр ажиллах хүчний дутагдалд орсон байна. Манай улсад энэ чиглэлээр хоёр сургуульд боловсон хүчин бэлддэг ч жилдээ тус бүр хорин төгсөгч төгсгөж байна.
Монгол улсын их сургууль нийт зургаан мэргэжлээр геологийн салбарын инженер бэлтгэдэг. Мэргэжлийг тодруулбал геологи ашигт малтмалын эрэл хайгуул, геофизик, гидрогеологи, гео экологи, инженер геологи, гео техник мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж байна. Эдгээр мэргэжил нь суурь шинжлэх ухаан буюу геологийн салбарын суурь судалгааг хийдэг онцлогтой. Гэтэл сүүлийн 10 гаруй жил энэ төрлийн шинжлэх ухааныг сонирхож, элсэн суралцах оюутны тоо буурсан үзүүлэлттэй байгаа юм. Жишээлбэл, энэ жил 3, 4 дүгээр курст геофизик мэргэжлээр элсэлт байхгүй. Өөрөөр хэлбэл, оюутангүй болсон байна. Харин энэ жил ШУТИС-д геофизикийн мэргэжлээр гуравхан оюутан шинээр элссэн байгаа юм.
Манай улсын газар нутгийн 43 хувьд нь геологийн судалгаа хийж эрдэс баялгийн хэтийн төлөвлөгөөг гаргасан байна. Харин ойрын жилүүдэд цар тахлын нөлөө болон санхүүгийн бэрхшээл зэрэг олон асуудлаас шалтгаалан геологийн хайгуул бага хийгдсээр иржээ. Энэ жилийн хувьд геологийн хайгуул хийх 400 тусгай зөвшөөрөл өгнө гэж мэдэгдсэн. Тэгвэл энэ тооны тусгай зөвшөөрлийн дагуу ажиллах геологийн чиглэлийн мэргэжилтнүүд дутагдалтай байна. Оюутан багссан гол шалтгаануудын нэгийг мэргэжилтнүүд хэлэхдээ нийгэм тэднийг суурь судалгаа хийж байгааг ойлгодоггүй нийгэм дээр сөрж тэмцэх иргэд олширч байгаа тул шинээр суралцах оюутнуудад үнэ цэн нь буурсаар байна гэсэн юм.
Геологи хайгуулын ажлыг төрөөс зөвшөөрсөн газар нутагт гүйцэтгэх өргөн боломжоор хангахаар ажиллах болсон энэ үед салбарын боловсон хүчний бодлого алдагдахад хүрээд байгаа тул геологи хайгуулын чиглэлээр суралцах оюутан залуусыг нэмэгдүүлэх, суралцах оюутнуудын сургалтын төлбөрийг улсаас дэмжих тал дээр хөрөнгө оруулалтыг асуудлыг шийдвэрлэх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна.