Дэлхийн газрын ховор элементийн 2,5 хувь нь манай улсад байна

Газрын ховор элемент орчин үеийн технологийн үйлдвэрлэлд ус агаар мэт хэрэгцээтэй байдаг. Дэлхий дээр 120 сая тонн газрын ховор  элемент байгаа бол манай улсад 3 сая тонн байна. Гэвч манай улс газрын ховор элементээ эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй хэвээр байна.

Өнөөгийн байдлаар манай улс цөөн төрлийн ашигт малтмал олборлож, зарим нэгийг нь баяжуулж, баяжмал хэлбэрээр дотоодын зах зээл болон экспортод гаргаж байна. Тухайлбал, нүүрсний багахан хэсгийг угааж, төмрийн хүдрийг анхан шатны ялгалт хийж гаргаж байгаа юм. Зэс, цайр, тугалга, хайлуур жоншны хүдрийг баяжуулж, мөн баяжуулсан цагаан тугалга, гянтболдын баяжмал гаргадаг. Харин эрдсийн түүхий эдийг илүү дахин боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудал олон жил яригдаж байгаа ч өнөөг хүртэл ажил хэрэг болж чадахгүй хэвээр байна. Одоогоор манай улс ашигт малтмалын экспортоороо орлогын 20 хувийг бүрдүүлж байна.

Харин газрын ховор элементийг манай улс эдийн засгийн эргэлтэд оруулж  ашиг олох нь байтугай хэрхэн олборлох талаар хууль тогтоомжоо ч гаргаагүй юм. Одоогоор  манай улсад ойрын хугацаанд ашиглах боломжтой газрын ховор элементийн дөрвөн уурхай байна.

Газрын ховор элементийг ашиглан бидний хэрэглэж байгаа гар утас, нөүтбүүк болон машины тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг. Мөн тэсэлгээний бодис, радио электроник, гэр ахуйн барааны үйлдвэрлэл, химийн үйлдвэрлэл, металлурги гээд олон салбарт хэрэглэгддэг. Дэлхий дээр тархцынхаа хувьд их байдаг ч ховор гэж нэрлэгдэх болсон шалтгаан нь үйлдвэрлэлтийн процесс хүнд байдгаас шалтгаалдаг юм. Өөрөөр хэлбэл газрын ховор элемент нь 17 төрөл байдаг ба хамгийн гол нь газрын ховор элемент бусад ашигт малтмал шиг дан дангаараа оршдоггүй онцлогтой. Иймд нэгээс нөгөөг нь салган авч, хэрэглэх үйл явцад нь үйлдвэрлэлийн өндөр технологи шаардагддаг байна.

Эрдэмтэд газрын ховор элементийг манай улс экспортлохоос илүүтэйгээр дотооддоо боловсруулж  технологийн бүтээгдэхүүнүүдийн түүхий эдийг гарган авч дотооддоо ашиглах нь эх орныхоо эрдэмтдийг дэмжих томоохон түлхэц болох юм. Мөн аж үйлдвэрлэлийн 4-р хувьсгалд манай улс шилжихэд хамгийн том түлхэц болно гэсэн юм.