ДЭМБ хүний эрүүл мэндэд хамгийн ихээр аюул учруулж байгаа мөөгөнцрийн эмгэг төрүүлэгчдийн жагсаалтыг танилцууллаа

ДЭМБ-аас хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгаа мөөгөнцрийн эмгэг төрүүлэгчдийн жагсаалтыг анх удаа гаргасан байна. Мөн тус байгууллагын судлаачид зарим төрлийн мөөгөнцрийн омгууд эмэнд тэсвэртэй болж, илүү өргөн хүрээг хамран тархаж байгааг анхааруулсан байна.

ДЭМБ-ын судлаачид мөөгөнцрийн халдвар нь вирус, бактерийн ижлээр эмийн болон бусад төрлийн эмчилгээнд илүү тэсвэртэй болж байгаа нь улам бүр батлагдаж эхэлсэн гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Өнгөрсөн хугацаанд Дэлхий дахинд мөөгөнцрийн учруулж болох ноцтой хор хөнөөлийн асуудалд олон улсын эрдэмтэн судлаачид төдийлөн анхаарал хандуулдаггүй байсан нь мэдлэг, мэдээллийн хомс байдал болон тандалт, оношилгоо дутмаг байсантай салшгүй холбоотой гэж ДЭМБ-аас мэдээлжээ.

Мэдээллийн хомс байдал нь аюулын цар хүрээг тооцоолоход голлон хүндрэл учруулж байсан талаар ДЭМБ-ын судлаачид мэдэгдэн тус байгууллагаас гаргасан жагсаалтад багтсан 19 төрлийн мөөгөнцөрт үзүүлэх хариу арга хэмжээг сайжруулахын тулд улс орнуудын Засгийн газар, эрдэмтэн судлаачдыг хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг уриалсан байна. Түүнчлэн хорт хавдар, сүрьеэ зэрэг хүнд өвчтэй хүмүүс мөөгөнцрийн халдварт өртөх эрсдэл өндөр байдаг бөгөөд цар тахлын оргил дэгдэлтийн он жилүүдэд Ковид-19 болон мөөгөнцрийн халдвараар зэрэг өвдсөн хүнд өвчтөнүүдийн тоо дээд үзүүлэлтэд хүрч байжээ.

Уг халдварын эсрэг ердөө дөрвөн төрлийн эмчилгээг Дэлхий даяар хэрэглэж байгаа нь үнэхээр хангалттай бус гэж судлаачид үзэж байна. Мөн эмийн эмчилгээний сонголт өдийг хүртэл хангалттай хөгжүүлэлт хийгдээгүй нь сул тал болсон байна. ДЭМБ-аас танилцуулсан мөөгөнцрийн эмгэг төрүүлэгчдийн жагсаалтыг тус байгууллагуудад бүртгэлтэй улсуудын эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлсэн байна.