Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, цаашид эдийн засгийн тэргүүлэх салбар болгох боломжтой. Тэгвэл төр хувийн хэвшил, уран бүтээлчид, иргэд хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн тулд Соёлын яамнаас “Соёлын бүтээлч сар” аяныг 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна
Монгол улсын эдийн засаг уул уурхайн экспортоос шууд хамааралтай байгаа ч энэ нь шавхагдах нөөц бөгөөд бидний ирээдүйн баталгаа биш гэж үздэг. Тиймээс уул уурхайн салбарын экспорт буурч эхлэх хүртэл соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, тус салбарыг эдийн засгийн бүрдүүлэгч, цаашлаад тэргүүлэх салбар болгох боломжтой гэж салбарынхан тодорхойлсон юм. Энэ ч үүднээс Соёлын яам тогтвортой хөгжлийн төлөөх бүтээлч үйлдвэрлэлийг таниулах, сурталчлах, урлаг, уран бүтээлчдийн хөгжлийг дэмжих, бүтээлч салбарын хөгжлийн түвшин, цаашдын алсын хараагаа тодорхойлох зорилгоор “Соёлын бүтээлч сар” аяныг 2021 оны 11-р сард анх удаа өрнүүлэн хуанлийн хуудсыг урлаг, соёлын үйл ажиллагаагаар дүүргэсэн байсан юм.
Харин энэ жилийн "Соёлын бүтээлч сар" буюу арваннэгдүгээр сард Улаанбаатар хотод 140 гаруй арга хэмжээ, орон нутагт 600 гаруй хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангажээ. Сарын сүүлийн долоо хоногт нэгдсэн форумыг зохион байгуулах юм байна.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар дэлхийд нүүрсний зах зээлээс 3.2 дахин том зах зээлийг бий болгож, олон сая хүнийг ажлын байраар хангадаг чухал салбар болсон. Мөн эдийн засгаас илүүтэй ач холбогдол нь соёлын бүтээлч үйлдвэрлэлээр соёлын өвүүдээ хадгалан, хамгаалж ирээдүйн хэрэглээнд оруулах, хойч үедээ өвлүүлэн үлдээх боломжтой юм.