Өнгөрсөн 9-р сард Япон улсын хэрэглээний үнийн индекс буюу инфляцийн түвшин сүүлийн найман жилийн хугацаан дахь дээд үзүүлэлт болох 3 хувьд хүрлээ гэж тус улсын Төв банкны удирдлагууд мэдээлсэн байна. Мөн Японы иенийн ханш сүүлийн 32 жилийн хамгийн доод үзүүлэлтэд хүрсэн нь импортын зардлыг нэмэгдүүлж байгаа төдийгүй тус улсын Төв банк мөнгөний сул бодлогоо цааш хэрэгжүүлэхэд саад учруулж байгааг хэллээ.
Японы төв банк сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд мөнгөний бодлогын хүүгээ хэт бага түвшинд барьж ирсэн нь одоо эргээд иенийн ханшийн уналтад нөлөөлж байгааг эдийн засагчид мэдээлж байна.
Дэлхийн үйлдвэрлэлийн салбарын томоохон тоглогч Япон улсын инфляцийн өсөлтөд шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлсөн байна. Түүнчлэн өнгөрсөн 4-р сарын 1-нд эхэлсэн 2022 оны санхүүгийн жилийн эхний хагаст Япон улс 11 их наяд иен буюу 73.37 тэрбум ам. Долларын худалдааны алдагдал хүлээжээ. Энэ нь 1979 оноос хойших хамгийн муу үзүүлэлт болсон байна.
Японы сангийн яамнаас нийтэлсэн мэдээллээр, тус улсын импортын хэмжээ мөн хугацаанд 44.5 хувиар өсөж, 60.58 их наяд иен буюу 405 тэрбум ам.долларт хүрсэн бол мөн хугацаанд экспорт ердөө 19 хувиар нэмэгдэж, 49 их наяд иенд буюу 330 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Худалдааны алдагдлын дээд үзүүлэлт өмнө нь 2013 оны санхүүгийн жилийн хоёрдугаар хагаст бүртгэгдсэн байна. Тухайн үед 8 их наяд иенийн худалдааны алдагдалтай гарч байсныг тайланд өгүүлжээ. Худалдааны алдагдал нэмэгдсэн нь Япон улс бүрэн хэмжээгээр импортлохоос аргагүйд хүрсэн, эрчим хүчний эх үүсвэрийн үнэ нэмэгдсэн, мөн үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш 32 жилийн доод түвшинд хүрч огцом суларсантай холбоотой байна.