E-police аппликейшнээр дамжин зөрчлийг мэдээлсэн иргэнд тухайн зөрчлийн дүнгийн 20 хувийг олгоно гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тэгвэл мэдээлэл цацагдсанаас хойш тус аппликейшнээр дамжин мэдээлэгдэх зөрчлийн тоо зургаа дахин өссөн байна.
E-police аппликейшинийг та ухаалаг гар утсандаа татаж замын хөдөлгөөний найман зөрчлийг мэдээлэх боломжтой. Аппликейшинийг нээж мэдээлэх товч дээр дарж зөрчлийг зургуудыг оруулснаар мэдээлэх боломжтой. Тэгвэл зөрчлийн үнийн дүнгийн 20 хувийг олгох мэдээлэл цахим орчинд цацагдаад байгаа. Харин зөрчлийг илрүүлсэн иргэнийг урамшуулах журам хараахан боловсруулагдаж дуусаагүй байна.
E-police Аппликейшнээр өмнө нь өдөрт мэдээлэгдэх зөрчлийн тоо 600 орчим байсан бол урамшуулах мэдээлэл тархсанаас хойш энэ тоо 4000 болж нэмэгдсэн байна. Энэхүү тогтолцоогоор жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзжээ.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар 200 нэгжээс доош хэмжээний торгуультай зөрчил илрүүлсэн иргэнд 20 хувийг олгох хуулийн зохицуулалттай. Гэхдээ өмнө нь хэрэгжиж байгаагүй шалтгаан нь дагалдах журам батлагдаагүй байжээ. Харин журам гарсны дараа Сангийн яам, Хууль зүй, Дотоод хэргийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны оролцоотойгоор урамшуулал олгодог тогтолцоо бүрдэх юм.