Орчин үеийн урлагийн бүхий л шийдлүүдийг өөртөө шингээсэн гэгддэг Контемпорари урлагийг Монголд хөгжүүлэх, сурталчлах зорилготой “Контемпорари Арт Монголиа-2022” хамтарсан үзэсгэлэн үүд хаалгаа дэлгэжээ.
Уран бүтээлч бүтээлээ урлахдаа юунд ч баригддаггүй гэдэг нь Контемпорари урлагийн нэгэн онцлог. Үзэсгэлэнгийн үүдээр ороход дэрсээр хийсэн нэгэн бүтээл үзэгчдийг угтан авсан юм. Энэ нь уран бүтээлч Э.Оногуа, Ж.Мөнхжаргал нарын хамтарсан “Дэлхийн дэлийг сүлжсэн нь” гэх бүтээл юм.
Контемпорари урлаг нь уран бүтээлч уламжлал, тогтсон үзэл санаа, хил хязгаарыг үл хамааран олон арга барил, хэлэмжээр үзэл санаагаа илэрхийлдэг учраас орчин үеийн урлаг гэж тодорхойлогддог. Мөн тухайн үзэгч уран бүтээлээр дамжуулан өөрийнхөө дотоод сэтгэл хөдлөлөө гүнзгий мэдэрдэг нь бусад урлагийн төрлөөс илүү онцлогтой гэж үздэг байна.
“Контемпорари Арт Монголиа-2022” үзэсгэлэнд нийт 50 уран бүтээлчид бүтээлээ ирүүлснээс 20 уран бүтээлчийн баримал, инстоляци, медиа арт, фото дижитал, холимог техник, үйл хөдлөлийн урлаг зэрэг төрлүүдийг сонгон оролцуулсан байна.
Үзэсгэлэн энэ жил Монголын урчуудын эвлэлийн арт галерей, Бий Контемпорари арт галерейн үзэсгэлэнгийн танхимуудад нэгэн зэрэг дэлгэгдэн өөр өөрийн орчин, өнгө төрх, дэглэлттэй зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм байна. Үзэсгэлэн 11-р сарын 6-ыг дуустал зохион байгуулагдана.