Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд Лула Да Силва ялалт байгууллаа

Бразилын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтад тус улсын ерөнхийлөгч асан Лула Да Силва ялалт байгууллаа. Тус улсын сонгуулийн хорооны мэдээлснээр Лула Да Силва 59 сая сонгогч буюу нийт сонгогчийн 51 хувийн саналыг авсан бол одоогийн ерөнхийлөгч Жаир Болсонару 57 сая сонгогчийн буюу 49 хувийн санал авсан байна.

Бразилын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтын түүхэнд хоёр нэр дэвшигчийн саналын зөрүү хамгийн бага хувьд хүрсэн тохиолдол энэ болж байна. Өдгөө 77 настай Лула Да Силва 2002, 2006 онуудад Бразилын төрийн тэргүүнээр сонгогдон ажиллаж байсан юм.

10-р сарын 2-ны өдөр болсон эхний шатны санал хураалтад Лула Да Силва 48 хувь, Ж.Болсонару 43 хувийн санал аваад байсан юм. Ийнхүү нэр дэвшигчдийн хэн нь ч сонгогчдын 50-иас дээш хувийн санал аваагүй тул хоёрдугаар шатны санал хураалтыг явуулжээ. Лула Да Силвагийн хувьд сонгуулийн кампанит ажлынхаа үеэр нийгмийн асуудлуудад түлхүү анхаарч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, төрийн өмчит компаниудыг бэхжүүлэх, өлсгөлөн, ядууралтай тэмцэхэд хүчин чармайлт тавих амлалт өгсөн байна.

Шинэ ерөнхийлөгч ирэх оны 1-р сарын 1-ний өдөр тангараг өргөнө.